
Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан Казахстаны Өскемен хотод ажиллах үеэрээ Дорнод Казахстан мужийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Восток-Молоко” корпорацийн үйлдвэр, роботжуулсан фермийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ.
“Восток-Молоко” корпораци 80 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнээ байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэлийн бүх шатанд чанарын дотоодын хяналт тавьж, бүтээгдэхүүндээ ургамлын гаралтай тос, өөх тос нэмдэггүйгээрээ онцлог ажээ.
Тус корпораци үйлдвэрлэлийн түүхий эдээ өөрийн аж ахуйнуудаас болон бүс нутгийн мал аж ахуйн шилдэг аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэн авдаг байна. Мөн дөрвөн аж ахуйтай бөгөөд тэдгээрийн нэг нь Төв Азийн анхны роботжуулсан ферм аж.
Уулзалтын үеэр сүү үйлдвэрлэх, боловсруулах технологи, роботжуулсан фермийн зохион байгуулалт, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршлагын талаар мэдээлэл авч, Баян-Өлгий аймагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орчин үеийн технологи нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
Мөн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Дорнод Казахстан мужийн Аялал жуулчлалын төвд зочилж, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцсан байна.
Түүнчлэн Өскемен хотын Левобережный цогцолборт зохион байгуулсан аялал жуулчлал, соёл, бүс нутгийн үйлдвэрлэлийг сурталчлах үйл ажиллагаанд оролцож, “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн хамт мод тарьжээ.
Левобережный цогцолборын Этно тосгонд XIX зууны сүүлчээс XX зууны дунд үе хүртэл Дорнод Казахстаны нутагт амьдарч байсан өөр өөр угсаатны ахуй, соёлын онцлогийг харуулсан уламжлалт сууц, эдлэн газруудтай танилцсан байна.
Мөн тус цогцолборт болсон бүс нутгийн үйлдвэрлэгчид, аялал жуулчлалын операторуудын үзэсгэлэнг үзэж, Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллага, тур оператор, хүнс, хувцас болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн танилцуулгатай танилцжээ.
Уг уулзалт, үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлал, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан сурталчлах, туршлага солилцох, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ. Мөн Их Алтайн бүс нутгийн хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.



Эх сурвалж: Монцамэ агентлаг
