
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 3-нд Булган аймагт ажиллалаа.
Төрийн тэргүүнийг Цогт хунтайжийн талбайд Булган цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж угтсан бөгөөд аймгийн Спортын ордонд зохион байгуулсан иргэдийн нэгдсэн уулзалтад 800 гаруй иргэд, хөдөлмөрчид оролцов.
Уулзалтаар Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, иргэдээс гаргасан санал хүсэлтэд тулгуурлан орон нутгийн хөгжил, үйлдвэрлэл, дэд бүтцийг дэмжсэн дараах хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэсэн байна.
Төрийн тэргүүн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч “Хатан мээж хайрхан” ХХК-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эд бэлтгэлийг дэмжих, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний урт хугацаатай, бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээлд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжид хамруулахыг холбогдох яамдад даалгалаа.
Булган аймаг нь газар тариалангийн гол бүс тул малчид, тариаланчдын бэлчээрийн маргааныг зохицуулах, ургац хураалт болон үрийн нөөц бүрдүүлэлтэд ХХААХҮЯ-наас тусгайлсан бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэл өгөв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ажиллаж буй иргэд, байгаль хамгаалагчдын нийгмийн баталгааг сайжруулж, шаардлагатай техник хэрэгслээр хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
Төрийн тэргүүнийг дагалдан УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нар ажилласан бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар Булган нутгийн шилдгүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм.
Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ч.Шижирбаатар Монгол хэл, уран зохиолын ахмад багш Н.Дагвадорж Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зөвлөх багш Р.Батхишиг нар Монгол Улсын Гавьяат цолоор шагнууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Дүүрэнжаргал, Д.Ганбаатар Ч.Эрдэнэчимэг, С.Баяраа Алтан гадас одонгоор Д.Мягмаржаргал, Д.Булган-Эрдэнэ, Д.Рэгзэдмаа, Цэргийн гавьяаны одонгоор Б.Намнансүрэн, Цэргийн хүндэт медалиар Т.Нямдорж, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ж.Хосбаяр, Ч.Сугар, Е.Түвшинмөнх нар тус тус шагнууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын төгсгөлд иргэдээс ирүүлсэн бусад тодорхой санал, өргөдлүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт нэгтгэн, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлэхээр тогтов.









Эх сурвалж: Монцамэ агентлаг
