
Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдийн мод тарих сонирхол нэмэгдэж, тэр дундаа хашаандаа жимсний мод тарих нь түгээмэл болжээ. Баруун-Урт сумын айл өрхүүд алим, чацаргана, чавга зэрэг жимсний мод тарьж, хүлэмжид гүзээлзгэнэ ургуулж байна.
Сүхбаатар ойжуулалт сум дундын ойн ангийн дарга Г.Наранбаатараас энэ талаар тодруулахад, “Иргэд хашаандаа жимс тарих талаар зөвлөгөө маш их авдаг. Сүхбаатар аймгийн хөрсөнд мойл, нохойн хошуу, өрөл зэрэг жимсний мод тарихад хамгийн тохиромжтой. Манай ойн анги мод үржүүгийн дөрвөн га талбайтай. Өнгөрсөн хавар тус талбайд өрөл жимсийг тарьж, 100 кг ургац хурааж авсан. Энэхүү жимс нь эрдэс амин дэмээр баялаг болохоор бүх насныхан хэрэглэж болно. Мөн хүний уушгины эрүүл мэндэд онцгой ашиг тустай. Тарьж ургуулахад арчилгаа ч бага шаарддаг. Тиймээс өрөл жимсийг тарихыг санал болгож байгаа. Цаашид бид талбайдаа орон нутагт өөр ямар төрлийн жимсийг тарьж ургуулж болох талаар судалж, туршилтын тарилтуудыг ч хийхээр төлөвлөсөн” гэв.
Тус ойн анги нь аймгийн хэмжээний ойн сангийн тарьц суулгацыг бэлтгэх, модны арчилгаа тордолгооны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ААНБ болон айл өрхтэй хамтран мод тарих ажлыг зохион байгуулдаг.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
