
Увс аймгийн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлийн холбоог өргөжүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-24-нд Улаангомд болно.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ноос, ноолуур, арьс шир, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулж худалдах юм. Мөн мод, модон эдлэл, оёмол бүтээгдэхүүн, аялал жуулчлал, бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцоно.
Үзэсгэлэн худалдаанд оролцох бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай, стандартын шаардлага хангасан сав баглаа боодол, хаяг шошготой байх шаардлагатай аж.
Энэ үеэр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, борлуулалт сайтай, эрүүл ахуйн шаардлага хангасан шилдэг таван бүтээгдэхүүнийг шалгаруулна.
“Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдааг Увс аймгийн ЗДТГ-аас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
