Бөөрөнхий сонгино тариалах технологи
Агуулга
- Ач холбогдол.
- Тарих агротехнологи: Нэршил. Биологийн шинж чанар. Хөрсний бүтэц. Хөрсний орчин(рН). Үрийг тарилтанд бэлтгэх. Өмнөгч. Тохиромжгүй өмнөгч. Үрийн норм. Тарих схем. Тарих гүн. Тарих хугацаа. Усалгаа. Бордоо. Хураалт. Ургац. Гербицид. Инсектицид. Өвчин. Хортон. Тариалах сортууд.
- Сортууд.
- Өвчин, хортон, түүнтэй тэмцэх арга хэмжээ
БӨӨРӨНХИЙ СОНГИНО – /Allium Cepa L/
Ач холбогдол
Бөөрөнхий сонгины олон сортуудыг амт, чанараар нь ангилан төрөл бүрийн хоол, хүнсэнд шууд болон хатааж, хадгалж хэрэглэдэг. Сонгино хоолны үнэр амтыг дээд хэмжээгээр нэмэгдүүлж, хоол боловсруулах ажиллагааг сайжруулан хүний биеийг төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй. Сонгино навч, булцуундаа уураг, нүүрс ус, кали, кальци, төмрийн эрдэс давс төдийгүй амин идэвхит А, С, В1, В2, РР зэрэг амин дэм их хэмжээгээр агуулдаг. Хоолны шингэц сайжруулах анхилуун эфирийн тос агуулах тул хурц амт, үнэртэй.Сонгины булцуун дахь хуурай бодисын агуулалт өндөр бол эфирийн тос төдийчинээ их байх буюу ааг ихтэй байдаг. Түүний булцууны ааг агуулах байдлаар нь ааг ихтэй хурц амттай, дунд зэргийн аагтай, ааг багатай чихэрлэг гэж ангилах ба олон сорт бий. Ааг ихтэй сонгино хадгалалт сайн даадаг.
Булцууны хэлбэрийг урт өргөний харьцаа буюу индексээр тодорхойлон ангилах ба хавтгай (0.6-0.7), гонзгой (1.2-1.4), бөөрөнхий (1.0-1.1) г.м ангилна.
Тарих агротехнологи
Бөөрөнхий сонгино 3 наст таримал юм.
- 1. Эхний жил хар үр тариалж төл сонгино хураана
- 2. Төл сонгино тариалж таваарын болон эх ургамал сонгон авна
- 3. Эх ургамал тарьж хар үр гарна
- 4. Хар үрээр шууд болон үрслэг бэлгэж тариалалт хийвэл шууд таваарын ургац хурааж болно
Сортууд
Штуттгартер ризен / Нутагшсан сорт/
Эртийн болцтой, төл сонгиноор тариалахад 66-73 хоногт хэрэглээний ургац, үрслэгийн аргаар тариалахад 120 хоногт хэрэглээний ургацаа өгдөг. Ургац 200-350 ц/га. Хураалтын өмнө болц гүйцэлт 55% орчим байна. Харин хураалтын дараа сайтар хатааж, болцыг гүйцээж, хальс сайтар суулгахад анхаарах хэрэгтэй. Биохимийн үзүүлэлтээр хуурай бодис 14,9-15,2%, С витамин 10,6-11,7мг/%, сахар 7-7,2%, уураг 1,6% агуулдаг. Булцууны хэмжээ жигд, хадгалалт маш сайн даадаг.
Черный принц / Ирээдүйтэй сорт/
Дундын болцтой. Тарьсанаас хойш 100-105 хоногт хэрэглээний болц гүйцдэг. Бөөрөнхий хэлбэрийн булцуутай. Дундаж жин 60-100 г. Хуурай хальс нь толигор, нил ягаан өнгөтэй. Арвин ургацтай. 153-380 ц/га. Хадгалалт сайн даана. Таваарлаг чанар 85%.
Музыка F1,/Ирээдүйтэй сорт/.
Эртийн болцтой. Тарьсанаас хойш 90-105.хоногт хэрэглээний болц гүйцдэг. Алтан шар өнгийн хальстай, булцууны дундаж жин 80-130 г. Дунд зэргийн аагтай. Шууд үрээр тариад таваарын ургац авахад зориулагдсан сорт. 2-4 сарын богино хугацааны хадгалалт даана. Таваарын ургац 199-340 ц/га. Таваарлаг чанар 91.5-95.4%.
Өвчин, хортон, түүнтэй тэмцэх арга хэмжээ
Сонгины ялаа -Della Antigua Mg
Сонгино, сармисыг гэмтээдэг, өргөн тархалттай хөнөөлт шавьж. Бие гүйцсэн шавьж нь 6-7 мм урт биетэй, цайвар өнгийн, хар хөлтэй , гэрийн ялаатай төстэй. 5 сарын дундуур нисч эхлэх ба сонгино сармисны хайрсны уг орчимд өндөглөнө. Авгалдай нь цагаан өнгийн, хөлгүй толгойгүй. Гэмтсэн ургамлын навч үзүүрээсээ шарлаж эхлэх ба авгалдай нь сонгины булцуунд нэвтрэн орж ялзруулна. 6 сард ихээхэн хор хөнөөл учруулна.
Сонгины үндэсний хачиг-Rhyzogliphus echinophus. R
Хачиг нь сонгинолог ишний угийн хэсгийг идэж цаашид ишинд нэвтрэн орж ялзаруулна. Ялангуяа хадгалалтын үед их гэмтвэл сонгины хальс бүр мөсөн хоосон болж хатдаг.
Сонгины төвгөрт дүнгэнүүр ялаа-Eumerus tuberculatus R
Бие гүйцсэн ялаа гялтганасан ногоовтор өнгөтэй, хэвлийн хажуу талаар хагас сар хэлбэрийн тод гурван толботой. Авгалдай нь намар 8-9 сард хөнөөл учруулж сонгинотой хамт хураагддаг. Гэмтэлтэй сонгиныг талбайгаас зайлуулна.Гэмтсэн сонгины навчны үзүүр хэсэг эхлэн шарлаж хатах ба сонгинолог хэсэг нь ялзардаг.
Сонгины хуурмаг гуалах- Peronospora destructor
Өвчин нь ургамал ургалтын бүхий л хугацаанд сонгиныг өвчлүүлдэг ба гол төлөв үр авах зориулалтаар тариалсан сонгино дээр илэрнэ. Сонгинолог булцуунд өвөлжсөн өвчин үүсгэгч мөөгөнцрийн мицель нь төл сонгиныг суулгасны дараа идэвхижин ургаж эдүүдийн хооронд тархана. Өвчин үүсгэгч зуны туршид үржин халдварлах бөгөөд хур тунадас элбэгших үед өвчний тархалт хурдацтай нэмэгддэг. Өвчний спор нь сонгины булцуу болон талбай дахь сонгины үлдэгдэлд өвөлждөг.
Сонгины зэв – Puccinia porri Wint.
Сонгиныг ургалтын хугацаанд өвчлүүлнэ. Зэвээр өвчилсөн сонгины цоор хугацаанаасаа өмнө шарлаж хатдаг тул сонгины булцуу томрохгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгуудад тариалагдсан сонгино болон хээрийн зэрлэг сонгинолог ургамлууд дээр зэв өвчин ихээр тархсан байдаг. 7 дугаар сарын I арав хоногоос эхлэн тархаж II арав хоногоос халдварлаж, цаашид 8 дугаар сарын III арав хоногийг дуустал сонгиныг өвчлүүлнэ.Сонгины цоорон дээр цайвар шаргал өнгийн жижиг төвгөртэй зууван хэлбэрийн толбо байдалтайгаар илэрч аажимдаа хар болж өөрчлөгдөнө.
Ургамал хамгааллын бодис
Гоал -гербицидийг 2-3 навчтай үед нь 0.5-1.0 л/ га нормоор цацна.
Эстамп- хорыг таримал ургамал цухуйхаас өмнө нэг наст үетэн зарим төрлийн хос үрийн талт хог ургамлын эсрэг 2.3-4.5 л/га нормоор цацна.
Каратэ, Борей- хортон, шавьжны эсрэг 0.15-0.2 л/га
Эх сурвалж: Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн харьяа Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн