
Заримдаа ямарваа нэг зүйлд төвлөрч чадахгүй, барьсан тавьснаа мартах тохиолдол багагүй гардаг. Гэхдээ азаар энэхүү байдлыг зөв хооллосны ачаар бага ч болов эмчлэх боломжтой байдаг гэнэ. Ингээд анхаарал төвлөрөлтийг сайжруулахад туслах хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулъя.
1. Гликемик индекс багатай бүтээгдэхүүн
Хооллолт нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. 2018 онд хийсэн судалгаанаас харахад тархины үйл ажиллагааг хэвийн хадгалахын тулд нүүрс усыг зөв сонгох хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Хэрвээ гликемик индекс (идсэн хоол цусан дахь сахрын хэмжээнд хэрхэн нөлөөлөх үзүүлэлт) багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл та тархины үйл ажиллагаагаа дэмжээд зогсохгүй, ой тогтоолт тань сайжрах болно. Энэ төрлийн хоол нь цусан дахь сахрын түвшнийг бага багаар нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд тустай аж. Гликемик индекс багатай хүнсний бүтээгдэхүүнд бүхэл үрийн гоймон, бор будаа болон арвай багтана. Харин цагаан будаа болон цагаан гурилаар хийсэн, их хэмжээний чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй юм. Учир нь эдгээр бүтээгдэхүүнд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх В амин дэм болон эслэгийн хэмжээ тун бага байдаг.
2. Тослог загас
Хулд загас, май загас, сардин загас зэрэг нь тослог ихтэй байдаг бөгөөд омега-3-аар баялаг байдаг. Тиймээс тархины үйл ажиллагаагаа алдагдуулахгүй байхыг хүсэж байвал энэ төрлийн тосыг хэрэглэх хэрэгтэй. Дээр дурдсан загасыг хэрэглэснээр мэдрэлийн системийн үйл ажиллагаа, анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт сайжирна.
3. Үр тариа
Наранцэцэгийн үр, чиа үр болон маалингын үр зэрэг нь ханаагүй тос агуулсан байдаг учир анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлдөг болохыг америкийн судлаачид баталсан байна. Энэ төрлийн үр тариаг та тарагтай уух, шөлтэй хоол болон хоёрдугаар хоолонд нэмэх зэргээр хэрэглэх боломжтой шүү.
4. Өндөг
Өндөг нь анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлөх нейротрансмитт гэх бодис агуулсан байдаг. Үүнээс гадна өндөг нь цусан дахь триптофаны түвшнийг нэмэгдүүлдэг уургаар баялаг юм. Энэхүү бодис нь тархинд эрч хүч өгөхөөс гадна эргэн тойронд болж буй үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх явцыг хурдасгаж өгдөг ажээ.
5. Кофе
Аяга кофе нь таны сэтгэл санааг сэргээж, аливаа зүйлд төвлөрөхөд тань тусална. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх юм бол сөрөг үр дагавар гарна гэдгийг санаарай. Жишээлбэл: Кофе хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд зүрх дэлсэх, анхаарал төвлөрөлт муудах, дотор муухайрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Ерөнхийдөө өдөрт 3-5 аяга кофе болон 400 мг-аас дээшгүй кофеин хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ хар шоколад, энергийн ундаа зэрэгт кофеин их хэмжээгээр агуулсан байдаг гэдгийг битгий мартаарай. Хэтрүүлэн хэрэглэвэл хор болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
6. Нэрс болон бусад төрлийн жимс
Нэрс нь антиоксидант болон антоциан, катехин, эслэг, эллагийн хүчил гэх мэтээр баялаг бөгөөд энэ бүхэн нь таны эрүүл мэндэд төдийгүй тархины танин мэдэхүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Нэрс нь анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Учир нь түүнд агуулагдах бодисууд тархины мэдрэлийн эсүүдийн хоорондын харилцан үйлчлэлийг идэвхтэй болоход нөлөөлдөг байна. Харин бусад төрлийн жимсэнд бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг багтана. Хэрвээ илүү амттай үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байвал нэрс жимсийг бусад жимстэй хольж хэрэглэх боломжтой.
7. Гадил
Цусанд ерөнхийдөө 25 грамм глюкоз байхад тархи илүү сайн ажилладаг бөгөөд нэг ширхэг гадил дотор энэ тооны глюкоз байдаг гэнэ. Үүнээс гадна уг жимсэнд ради гэх бодис байдаг аж. Энэ нь хоногийн хэрэглээний В6 амин дэмийн гуравны нэгийг хангаж өгдөг. В6 амин дэм нь ой тогтоолт танин мэдэхүйн функц болон тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Тиймээс хэрвээ тухайн өдөр та оюун санааны ажил хийх шаардлагатай бол өглөө нэг ширхэг гадил идээд гарахаа мартуузай.
8. Хушга
Хушганы гадна тал нь тархитай адил байдаг гэдгийг бид мэднэ. Тиймээс хоолны завсраар эсвэл салатанд нэмж идэхэд таны тархины танин мэдэхүйн функц сайн ажиллаж, та хүнд хэцүү оюуны чадвар шаардсан ажил хийсэн ч тархи тань ядрахгүй байж чадна. Учир нь хушганд маш их хэмжээний антиоксидант, омега-3, магни, линолийн хүчил зэрэг агуулагддаг. Энэ нь ой тогтоолтыг сайжруулаад зогсохгүй, мэдээлэл боловсруулах чадварыг хурдасгана.
9. Улаан амтат чинжүү
Улаан амтат чинжүү нь С амин дэмээр баялаг бөгөөд энэ нь дархлааг дэмжиж, тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжинэ. Улаан чинжүүг онцолсон шалтгаан гэвэл шар болон ногоон чинжүүнд эрүүл мэндэд тустай амин дэм улаанаас бага байдаг гэнэ. Үүнээс гадна уг хүнсний ногоонд В9 амин дэм байдаг бөгөөд энэ нь сэтгэл хөдлөлийг хянах серотонин даавар болон анхаарал сайжруулахад тустай.
10. Цай
Байхуу цай, ногоон цай зэрэг нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна ой тогтоолт болон анхаарал төвлөрөлтийг сайжруулахад тусална. Учир нь цайнд кофеин болон теанин агуулагдсан байдаг. Кофеин агуулсан бүтээгдэхүүний адилаар цайг хэтрүүлэн ууж болохгүй бөгөөд өдөрт 2-3 аяга байхад л хангалттай.