
Гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргахаар Хүнс, хөдөө аж ахуйн газар, нөөцийн мах бэлтгэсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК хүнсний дэлгүүрүүдтэй худалдан борлуулах гэрээ байгуулж байна.
Нийт 102 тонн мах бэлтгэсэн бөгөөд үүнээс 52 тонн нь үхрийн мах, 44 тонн нь хонины мах, 6 тонн нь ямааны мах байна. Жижиглэнгээр худалдахад зориулж битүүмжилсэн уутанд савлаж байна.
Үнийн хувьд үхрийн мах 16300 төгрөг, хонины мах 14800 төгрөг ямааны махыг 11200 төгрөгөөр борлуулна гэж аймгийн ХХААГ-ын үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга М.Лхам-Эрдэнэ мэдэгдлээ.
Мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын баг бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлага хангасан эсэх, борлуулалтын сав баглаа, боодолд хяналт тавьж байна.
Ташрамд, зах, худалдааны төвүүдэд үхэр, хонины цул болон ястай махыг 18000-27000 төгрөгийн хооронд худалдаж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
