
Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын даргын баталсан удирдамж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/233 дугаар тушаалын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнсээр дамжих хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсээс хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар уг ажиллагааг аймгийн төв Өлгий суманд зохион байгуулж, хоолны газрууд болон хүнсний үйлдвэрүүд, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд явуулж байгаа бөгөөд цаашид аймгийн бүх сумаар энэхүү ажлыг үргэлжлүүлнэ хэмээн аймгийн ХХААГ-ын хяналтын мэргэжилтэн Б.Ерболат мэдэгдлээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
