
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн иргэн Цэрэнжамцын Ундрахбаяр “Цагь ээзгий” төслийн хүрээнд ээзгийг зургаан төрлөөр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Тэрээр энэ онд Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг”-т хамрагдаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэхдээ уламжлалт цагаан идээг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн төрөлжүүлж, ээзгийг зургаан төрлөөр үйлдвэрлэж байна.
Ээзгий нь сүүг ээдүүлж, шар сүүг ялган өтгөрүүлж боловсруулдаг уламжлалт цагаан идээний нэг бөгөөд уураг, кальци, фосфор зэрэг шим тэжээл агуулдаг. Монголчууд ээзгийг эртнээс удаан хадгалах боломжтой, тэжээллэг хүнс болгон хэрэглэж ирсэн уламжлалтай.
Ц.Ундрахбаяр ээзгийг уламжлалт аргаар боловсруулж, төрөл бүрийн амт, хэлбэрээр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй жишээ болж байна.
Түүний үйлдвэрлэл нь өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уламжлалт цагаан идээний үйлдвэрлэлийг хадгалан хөгжүүлэхэд чиглэжээ.
Цагаандэлгэр сумын Хөдөлмөр, халамжийн байгууллагаас иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгт хамруулж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж буй өрхийн үйлдвэрлэл нь орон нутагт орлогын эх үүсвэр бий болгохын зэрэгцээ уламжлалт хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
