
Орхон аймгийн хэмжээнд ургац хураалт үргэлжилж, есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар улаан буудай, төмс, хүнсний ногооны хураалт эхэлжээ. Үр тарианы 191 га талбайд ангилан хадалт хийж, улаан буудайн 180 га талбайгаас 450 тонн ургац хураан аваад байна. Мөн 12 га талбайгаас 132 тонн төмс, 66 га талбайгаас 550 тонн хүнсний ногоо хураажээ.
Шинэ ургац худалдаанд гарч, төмс, гол нэрийн хүнсний ногооны үнэ 1500-3500 төгрөгийн хооронд байна. Тухайлбал, төмс 2000-2500, сонгино 3500, лууван болон манжин 3000-3500, байцааг 1500-2000 төгрөгөөр худалдаж байна.
Түүнчлэн аймгийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоодын үйл ажиллагаанд үнэлгээ хийж байна. Нийт 119 хоршоонд үнэлгээ хийхээс одоогоор 90 хоршоог хамруулж, ажлын явц 76.3 хувьд хүрээд байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
