
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, БНСУ-ын Засгийн газрын харьяа “KOPIA Mongolia” төв хамтран Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт цагаан будааны туршилтын тариалалт хийж, эхний ургацаа хураан авчээ.
“БНСУ-Монгол Улсын хөдөө аж ахуйн технологи хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд 0.4 га талбайд тариалалт хийсэн бөгөөд дунджаар хоёр тонн орчим цайруулаагүй цагаан будаа хураан авахаар тооцжээ. Одоогоор нэг тонн орчим ургац хураан аваад байна.
Буянт суманд хийсэн туршилтын тариалалт амжилттай болсон тул төслийг ирэх онд үргэлжлүүлэхээр болжээ. Цагаан будаа тариалах сонирхолтой тариаланчидтай хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна тариалалтын бааз суурийг бэхжүүлэхэд анхаарахаа “KOPIA Mongolia” төслийн багийнхан онцоллоо.

Буянт сум нь Ховд аймгийн газар тариалангийн гол бүсийн нэг бөгөөд цагаан будаа зэрэг шинэ төрлийн таримлыг нутагшуулах боломжтой гэж үзэж байна. Тиймээс тариаланчдын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалангийн нэр төрлийг олшруулах, салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт дэвшүүлжээ.



