
Булган аймгийн хэмжээнд энэ сарын 12-ны байдлаар улаан буудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамлын ургац хураалт үргэлжилж байна. Ургац хураалтын нэгдсэн дүнгээр төмсний хураалт 91.2 хувьтай байгаа бол улаан буудайнх 75.1 хувьтай байна.
Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр, энэ онд 38.6 мянган га талбайд улаан буудай тариалснаас 29 мянган га-г хурааж, 43.2 мянган тонн ургац авчээ. Нэг га-гаас дунджаар 14.9 центнер ургац авч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт юм.
Төмсний хураалт 91.2 хувьд хүрч, 469.3 га талбайн 428.2 га-гаас 4188.1 тонн ургац хураан авчээ. Харин хүнсний ногооны 166.9 га талбайн 125.5 га-гаас 910.6 тонн ургац авч, хураалтын явц 75.2 хувьтай байна.
Тэжээлийн ургамлын 9501.6 га талбайн 4931 га-г хурааж, 12.1 мянган тонн ургац авсан бол тосны ургамлын 7144 га талбайн 2490 га-г хураан, 1600 тонн ургац авчээ. Тэжээлийн ургамлын хураалт 51.9, тосны ургамлынх 34.9 хувьтай байна.
Өнгөрсөн онд ган, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалан ургац хураалт буурсан бол энэ жил хур тунадас элбэг, цаг агаар тогтуун байсан нь ургацын гарцад эергээр нөлөөлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
