
Ховд аймагт энэ жил 2832.6 га талбайд үр тариа, малын тэжээл, төмс, хүнсний ногоо тариалжээ.
Одоогийн байдлаар ургац хураалтын явц 79.2 хувьтай үргэлжилж байна.
Тус аймагт газар тариалангийн чиглэлээр 3200 орчим иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 2244.1 га талбайгаас 19 мянга гаруй тонн ургац хураан авчээ.
Тодруулбал, 171.9 га талбайгаас 213.9 тонн үр тариа, 122.3 га талбайгаас 245 тонн тэжээлийн ургамал, 490 га талбайгаас 4869.7 тонн төмс хураан авсан байна. Мөн 1461.3 га талбайгаас 14 мянга гаруй тонн хүнсний ногоо хураажээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан газар тариалан эрхлэгчид ургац хураалтын ажлаа эрчимжүүлж, дуусах шатандаа явж байгаа нь энэ юм.
Түүнчлэн энэ жил Ховд аймагт эрдэнэ шиш, цагаан будаа, сармисны шинэ сортуудыг туршин тариалсан нь амжилттай болжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
