
Ховд аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд зориулан өвс, гар тэжээл, хужир шүү бэлтгэх ажил үе шаттай үргэлжилж байна.
Энэ жил малчдын түвшинд 61.5 мянган тонн хадлан (өвс) бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 57.9 мянган тонныг бэлтгээд байна.
Одоогоор 17 сумаас Булган, Буянт, Үенч, Мянгад, Ховд сум хадлан бэлтгэлээрээ тэргүүлж байгаа юм.
Мөн Ховд аймгийн хэмжээнд хадлан бэлтгэх ажил 94.1 хувьтай үргэлжилж байгаа ба сумдын хадлангийн талбайн өвсний гарц өнгөрсөн жилийнхээс харьцангуй сайн байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд одоогийн байдлаар малчдын түвшинд 1505 тонн тэжээл, 3200 тонн хужир шүү бэлтгэжээ. Мөн сумын аюулгүйн нөөцөд 295.4 тонн өвс, 86 тонн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 450 тонн өвс, 166.7 тонн тэжээл бэлтгэсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
