
026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ.
Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна. “Энэ жил газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураан авах гэж байна. 1988 оны ургацын амжилтыг эвдсэн жил болж байна” гэж Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ярьжээ. Газар тариалангийн салбар байгаль цаг уур, түлш шатахуун, эрчим хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэр, ажиллах хүч зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай тул Засгийн газар онцгойлон анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж байгаа аж. Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, санхүүгийн дарамтыг бууруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд илэрхийлсэн байна.
Цаашид хүнсний улаанбуудайн болон дотоодын ургацаас хураан авч зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох, “Атар IV” аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган өвчин хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалан эрхлэгчдэд тариалангийн үйлдвэрлэлийн технологит хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллахаа хэлжээ. Энэ онд тариалан бүхий 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгожээ.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
