
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Монголын Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Нарантуяаг хүлээн авч уулзаж, жижиглэн худалдааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монголын Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо нь худалдаа эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих, салбарын хөгжлийг ахиулах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд бүртгэгдсэн бөгөөд худалдаа эрхлэгчдийг дэмжих, сургалт, уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээллээр хангах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлтэй байна.
Жижиглэн худалдаа нь үйлдвэрлэгчээс хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүн хүргэх эдийн засгийн чухал холбоос бөгөөд өрхийн бизнес, бичил болон жижиг аж ахуйн нэгжүүдийн орлого, ажлын байрыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Иймээс худалдаа эрхлэгчдийн эрх зүйн орчин, зах зээлд өрсөлдөх чадвар, бизнесийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих асуудал салбарын хөгжлийн гол чиглэлүүдийн нэг юм.

