
Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын дэргэд хүнсний нян судлалын лаборатори байгуулж, байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Тус лабораторийг “Дасан зохицохуйн зам, Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төслийн 61.2 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ. Шинжилгээ хийхэд шаардлагатай 19 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.
Ингэснээр сүү, махан дахь ивермектиний үлдэгдэл, үнээний дэлэнгийн үрэвслийг түргэвчилсэн сорилоор илрүүлэхээс гадна гоц халдварт болон архаг халдварт өвчнийг таван төрлийн цогц сорилоор шинжлэх боломж бүрджээ.
Хүнсний нян судлалын лабораторитой болсноор мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болж байна. Тус лабораториор хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах явцад үүсэж болзошгүй эмгэг төрөгч нянг үндэсний болон олон улсын батлагдсан стандартын дагуу уламжлалт болон багажит шинжилгээний аргаар илрүүлэх боломж бүрджээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
