
Сүхбаатар аймгийн иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Наран мандах сүүн далай” дундын хоршоо үйлдвэрлэлээ өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, малчид, хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлэх, хүн амыг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтвортой хангах зорилтын хүрээнд тус хоршоонд орон нутгийн төсвийн эх үүсвэрээс 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Уг санхүүжилтээр орон нутгийн түүхий сүүний хангамжийг нэмэгдүүлж, сүү боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлтийг тогтворжуулах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах боломж бүрдэх юм.
Тус хоршоо зээлийн хөрөнгийг үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд зарцуулж, сүүний чиглэлийн үхэр худалдан авахын зэрэгцээ стандартын шаардлага хангасан барилга байгууламж барих ажлыг эхлүүлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
