
Төв аймаг энэ онд урьдчилан тооцоолсноос 100 мянга гаруй тонноор илүү ургац хурааж, сүүлийн 40 жилийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Урьдчилсан тооцоогоор 390 мянган тонн ургац авах төлөвтэй байсан бол одоогоор 490.783 тонныг хураан аваад байна.
Тус аймаг энэ жил 151 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 140 мянга гаруй га-д тариалжээ. Үүнээс 60 гаруй мянган га-д үр тариа, 20 мянган га-д тосны ургамал, 7 мянга орчим га-д төмс, 3 мянга гаруй га-д хүнсний ногоо, 37 мянган га-д малын тэжээл тариалсан байна.
Арвин ургац хураасан тариаланчдын хөдөлмөрийг алдаршуулах “Алтан намар-2026” ургацын баярыг энэ сарын 6-нд “Монгол туургатан” театрт тэмдэглэнэ.
Мөн орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулж, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдааг энэ сарын 5-7-нд Спортын ордонд зохион байгуулна.
Төв аймаг 2021 онд 435.8 мянган тонн ургац хураан авч, тухайн үедээ сүүлийн 30 жилийн дээд үзүүлэлт тогтоож байв. Харин энэ жилийн ургацын хэмжээ уг үзүүлэлтээс 54 мянга орчим тонноор давжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
