
Булган аймаг энэ онд 58 мянга гаруй га талбайгаас 102.2 мянган тонн ургац хурааж, ургац хураалтын ажлаа бүрэн дуусгалаа.
Аймгийн хэмжээнд энэ жил нийт 58,053 га талбайд тариалалт хийснээс улаан буудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал хураан авчээ.
Таримлын төрлөөр авч үзвэл, 37,338.8 га талбайгаас 59,226.9 тонн улаан буудай хураасан бөгөөд нэгжийн ургац 16 ц/га байна. Харин 470.4 га-гаас 4577 тонн төмс хурааж, нэгжийн ургац 97.3 ц/га-д хүрчээ.
Мөн 165 га талбайгаас 1280.9 тонн хүнсний ногоо, 10,562 га-гаас 29,743 тонн тэжээлийн ургамал, 6961 га-гаас 5230 тонн тосны ургамал хураан авсан байна.
Булган аймаг нь газар тариалангийн гол бүс нутгуудын нэг бөгөөд жил бүрийн тариалалт, ургац хураалтад тус аймгийн 16 сумын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 120-150 орчим тариаланч иргэн, аж ахуйн нэгж тогтмол оролцдог ажээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хаврын тариалалтаас эхлэн ургац хураалт дуустал ажилласан тариаланчид, салбарын хамт олонд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
