Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 4.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар өсжээ
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 оны эхний хагас жилд 21 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
НӨАТ төлөгч хуулийн этгээдийн мэдээллийн санд үндэслэн тооцсон гүйцэтгэлээр оны эхний хагас жилд худалдааны салбарын нийт орлого 20.3 их наяд төгрөг болсноос 23.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.9 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 4.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүнийх 15.6 их наяд төгрөг болж, 20.4 хувиар тус тус өссөн байна. Хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалтын өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа, шатахууны бөөний худалдаа нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Жижиглэн худалдааны салбарын хувьд 12.1 их наяд төгрөгийн борлуулалттай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар нэмэгдсэн бол бөөний худалдаа 17.8 хувиар өсөж, 8.2 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого жил бүрийн зургаадугаар болон 12 дугаар сард эрс өсдөг бөгөөд энэ оны зургаадугаар сард моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа, шатахууны жижиглэн худалдаа өсөлттэй байсан байна.