Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ намар Өлгий хотын хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 352.5 тонноос доошгүй хэмжээний махны нөөц бүрдүүлнэ.
Энэ ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын 432 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат нарт үүрэг болгов.
Албаны хүний өгсөн мэдээллээр махны нөөц бүрдүүлэх ажлыг хувийн хэвшлийн махны үйлдвэрүүдтэй хамтран хийх ба тэдний бэлтгэсэн 1 кг мах бүрд 1000 төгрөг урамшуулал олгох аж. Харин шаардлагатай санхүүжилтийг 2024 оны орон нутгийн төсөвт тусгана.
Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг удахгүй зохион байгуулна.