Хүнсний хувьсгал яагаад хэрэгтэй вэ? Бид эрчимжсэн мал аж ахуйгүй хаашаа холдох вэ? Эрчимжээч гээд дэлхий тулгаад байгаа бус уу? Нүүдлийн хөдөө чинь цаг үеэсээ хоцорч байгаа бус уу? Алийн болгон нүүдлийн гэх уран сайхны манан дунд төөрч хорвоог барах вэ?
Энэ тухай дор бодит амьдралаас жишээлэн үргэлжлүүлье. Хүлцэн уншаарай. Эрүүлээр тусгаж аваарай! Дахиад л сургаалын үгсээ малчдад хандан буулгая. Ерөөсөө Та бидний аж амьдрал сайн муу, сайхан муухай байхын чинь 90 хувь нь Та бидний өөрсдийн ажил үйлс, овсгоо самбаа, хандлага, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, нэг үгээр Таны адгууснаас ялгарах тэр тархины чинь ид шидэд орших учиртай юм. Та бүхнийг (нийт ард түмнийг) хэт эрхлүүлж дураар нь дургиулж амьдруулсан бурууг Төр–засаг нь хүлээх байх л даа. Ард түмэндээ шаардлага тавьж чадахгүй болтлоо эрхлүүлчихсэн!
Харин энэ удаад эрхлүүлэх бус “Хүнсний хувьсгал”-аар Та бүхнийг нүднээ үл үзэгдэгч тэр боолын хөдөлмөрөөс чинь салгах гэж буй. Оросын нэрт эрдэмтэн Майский 100 жилийн тэртээ тэгж ингэж бичсэн гэдгийг би малчдад өмнө нь сануулсан даа. Увс аймагт малчин айлд ухуулга хийж, амьдрал ахуйгаа өөд нь тат хэмээн ятгасан хэрэг шүү дээ. Зуун солигдсон, хөгжил гэрлийн хурдаар яваа, дэлхий гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Харин би малчин айлд зочлоод тэдний байр байдлыг олж хараад “Энэ чинь XXI зуун мөн үү, биш үү?” гэх асуултыг өөрийн эрхгүй өөртөө тавьсан. Өөрсдөөс нь ч асуусан. Тэд гайхаад л.
Дөрвөн зун дараалаад Хяргас нуурыг зорилоо. Байгалийн сайхан, нуурын сайхныг хэлж магтаж барах юм биш, зүгээр л “ХОСГҮЙ” гээд дүгнэчихье. Хяргас нуурыг би “Хяргас далай” гэж нэрлэнэ. Далайд гарцгүй Монголдоо далай л юм даа. Хөлгүй их далайд жараахай шиг умбаж +37 хэмийн халуунд сэрүүцнэ гэдэг жаргал байлгүй яах вэ. Харин нуурыг хөвөөлөн суугаа ардууд, эсвэл тэр нуурыг харьяалах аймаг, сумын захиргаа гэж ёстой нэг дүлий годилууд байх шиг санагдсан. Ямар их баялаг дээр сандайлан суугаагаа мэдэхгүй хэнэггүй гөлийгөөд явцгааж байгаа учраас годил гэчихлээ. Хүлцээрэй!
Хяргасыг ингэж тэгж өөрчил гэж үүрэг даалгавар өгдөг нь би биш ч гэлээ шүүмжилж, хэлж засаж залруулах нь миний насны ахмад хүний үүрэг, эсвэл санаа сэдэл шийдэлд өгөх ташуур болоосой гэсэндээ дахин үзэг цаасаа хoршуулан, нуурын эрэг даяар бүгд хотлоороо хүнсний хувьсгалчид болчхоосой гэсэндээ бичих авай. Тэр нуурыг зорих монголчуудын цуваа тасрахгүй. “Хэцүү хад” хэмээх онгон дагшин газар руу цувж барагдах юм биш. Машины дуу, боссон тоос, элсэнд суусан жижиг машинуудын эрэл сурал гээд жилийн жилд яг хэвээрээ. Бараг арав хорин жилдээ тийм байсан гэв үү? Зорчсон хүмүүс хэлж байна аа:–“ Хэцүү хад” там болохын наагуур байна. Хүн машин, хог хаягдал, баас шээс нь дийлдэхээ болилоо. Ямар ч сайн сайхан юм алга. Ямар ч үйлчилгээ, зохион байгуулалт алга!
“Хэцүү хад”-ыг зүглэсэн засмал зам тавихгүй бол малын бэлчээр ба байгаль орчныг чинь баллаж тавилаа гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудад анхааруулах нь иргэн миний үүрэг болсугай! Худалдаа арилжаа, үйлчилгээний цэг, шатахууны цонж олныг байгуулахгүй бол тийшээ зүглэдэг монголчуудын хараал хэрүүл дийлдэхгүй шүү гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудын сонорт хүргэчихье! Хамгийн гол нь онгон байгаль, эко ертөнц, малын бэлчээр чинь хог новш, хүний ялгадас, бохирдлоор дүүрлээ, Увсчууд аа!
Нуур тойрсон нутгийн ардууд үнэхээр унхиагүй арчаагүй амьдарч байна. Давуу талаа олж харах мэдрэх хүсэлгүй байна. Нуурын захад бус, алс хол нүүдэллэн суугаа малчдаас хавьгүй давуу эрх ба боломж тэдний гарт байна. Тэдний эрх ба боломж нь илт нүднээ харагдаж байна. Хяргасын хөвөөнд нь нуль алт сул хэвтэж байна! Ердөө л зуны 3-4 сард тэр алтыг ууталчих! Сайн дураараа, эвлэлдэн хоршиж нэгдээд дэд бүтэц төрөл төрлөөр нь хөгжүүлэх бүрэн боломж байна. Хэрэв тэгж чадвал лав зуны гурван сард намар, өвөл, хаврынхаа хэрэглээний бүх мөнгийг хязгааргүй ууталчхаж болох юм байна гэдгийг би яаж уриалъя даа, байз? Алтаар зүйрлүүллээ шүү дээ.
Ажиглахад Хяргас нуурыг тойрон аялаж яваа монголчууд цэвэр ус, мах, хүнс, чихэр боов, ахуйн жижиг гааз, өөр юу ч юм худалдан авахад мөнгө хайрлана гэж байхгүй бололтой. Юу л байна. Бэлэн мөнгө. Хөөрхий тэд зовж зовж 100 км давхин явж Наранбулаг сум ороод хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй буцаж ирэх юм. Үнэгүй зүгээр авах гээгүй. Юу л байна худалдаад авъя гэцгээж байна. Юу ч авахад бэлхэн өлөн нүдтэй, аяншсан, гэхдээ мөнгөтэй монголчууд Хяргасын эргээр, Хяргасыг тойрон хөлхөж байна. Гэтэл сумын дэлгүүр гэж модоо барихын наагуур. Сумын төвд мах зардаггүй ч гэх шиг. Бүр шал тэнэг юм. Эсвэл дэндүү хэнэггүй, арчаагүй.
Малчид нь хэдэн арван жил, магадгүй өвөг дээдсээсээ эхлэн хэдэн зуун жил малаа дагаж нүүдэллэж ирсэн байх. Мал дагах ч юу байхав. Ерөөсөө л малаа манаж харуулдсаар өнөө хүрсэн дээ. Тоо толгойг нь эрхбиш мэддэг байх. Малчид бол бүгд л хөрвийн аргаар хүн болж өссөн. Таван настай хүүхэд хониндоо явдаг. Энэ сайн. Өлчир, гүжирмэгийг нь бид мэдэх хүндэтгэх боловч XXI зуунд тэр чигээр нь хөрвийн аргаар зүтгүүлээд байж болохгүй байнаа.
Малчдад нэмэгдсэн юм нь суудлын ба ачааны автомашин, мотоцикл, гар утас, зурагт, хөргөгч, цахилгаан… Гэхдээ тэр нь дэвшил гэхээсээ зүгээр л ердийн хэрэглээ. Тэдгээрийг хэрэглээд амьдрал ахуй нь сайжирсан дээшилсэн юм ер алга. Гэгээрсэн сэхээрсэн нь ч бас алга. Хяргасын эргэн тойрны хэдэн сумдын малчин ардууд бол алтан дээр суугаа баялгийн эзэд гэдгээ ухаарах цаг нь болсон, оройтлоо.
Увсынхан Улаанбаатарт нутгархаад сүйд болдог, халхуудын дор орохгүй гэсэн атгаг бодлыг нь би хүндэтгэдэг. Харин Хяргас нуурын дэргэд очоод Увсынхан халхуудаасаа ялгарах юмгүй арчаагүй аж төрж байгааг олж харав. Улаангом хотын хүнс барааны зах, нийтийн хоол, хот байгуулалт, гудамж зээлийг хараад халхуудаасаа дээрдэх юм ер алга гэж ойлголоо. Хөгжлийг өөрийнхөөрөө өөриймшүүлдэг ердийн л монголчууд, хэл ярианы аялгыг нь эс тооцвол. Өөриймшүүлнэ гэдэг нь хэл үггүй, хэрүүл дарамтгүй зоргоороо амьдрах. Хөл дүүжлэх унаатай, толгой хоргодох гэр байшинтай, гэдэс цатгалан байвал барав.
Гэх мэт бичээд байвал мөн ч их санаа сэдэл надад байнаа. Миний амьдралд садаа болоогүй, надаас юу ч гуйгаагүй, хар зөнгөөрөө амьдарч байгаа цайлган сэтгэлт малчид чинь тойруу утгаар, хэтдээ, ирээдүй хойч үедээ, Монгол эх орондоо маш том ачаа, хүнд чиргүүл, дарамт болж үлдэх юм байна гэдгийг Төр, засгийн сонорт хүргэх гэж би бичиж байна. Зуднаар, өвчнөөр тэр хэдэн мал нь сүйрчихвэл тэр айл хотлоороо дагаж сүйрээд ядуу өрхийн тоог нэмэхээр байна. Нөгөө 30%-ийн наана цаана бүртгэгддэг ядуучуудын эгнээг нөхөж тэлэх нөөц бөөн хүч бэлээхэн хөдөөд байна. Тэдэнд хэл үггүй хөгжиж дэвжих баталгаа алга.
Эдийн засагчдын ярьж байгаагаар бол хөдөө гэж яаж ч тордоод засал авдаггүй, жилийн жилд, үеийн үед бахь байдгаараа өдөр хоногийг аргацааж өнгөрөөсөн мөнгөний гарлагын уут байна. Мөртөө бэлчээрт гарч явчхаад орой ирээд хотолчихдог, өвс тэжээлээ байгалиас олоод хүртчихдэг, өсөж үржихдээ арвин энэ хэдэн мал нь малчдыг ажилд сургадаггүй, сэтгэн бодуулдаггүй, ерөөсөө бэлэн хоолтой байлгаад сургачихсан. Тийм учраас хөгжих шаардлага ч байхгүй. XXI зуунд арай ингэж явмааргүй сэн.
Одоогийн малчид бол үнэндээ яг тэр цэвэр нүүдэлчид нь ч биш, орчин цагийн зөв боловсон иргэд ч биш, ерөөсөө хар зөнгөөрөө, зоргоороо, хэнд ч захирагдахгүй, тэнэж төөрч яваа харанхуй бүлэг ард юм байна. Малчдын зовлон дээр тоглоно, хуурна мэхэлнэ гэвэл тэд бүгдээрээ бэлээхэн цагаан цаас. Гэнэн цайлган, хэнэггүй нь дэндэнэ үү гэхээс дутахгүй. Би хулгайч залилагч нарт хэлж байгаа юм биш шүү. Төрдөө ховлож байна.
“Нүүдлийн соёл иргэншил” гэдгээ илтгэх тоотой, тусгайлсан, онцгой, үлгэр жишээ хэдэн өрх аймаг аймагт нь үлдээгээд нийтээр нь фермерийн аж ахуйтан болгохгүй бол наад малчид чинь хөгжлийн хурд даахгүй мөдхөн годройтоод ойчих нь байна. Малчдыг фермер болгуулахаар албадчихвал тэд гэгээрч л таарна. Өөр замгүй. Малчид үр хүүхдээ хот руу алдчихгүй л гэвэл фермер болж төлөвшөөд фермерийн аж ахуйдаа диваажингаа байгуулаг л дээ. Төрөөс тэгж албадах хэрэгтэй.
Сумын төвүүдийг яадаг шүү юм билээ дээ? Одоогийн байгаа нь лав найдвартай биш. Улаанбаатараас мөнгө, хүч (далдын хүч биш шүү, би соёлын довтолгоог хэлж байна) очихгүй бол санаачилгаараа сайн сайхан аж төрөх ухаан, соёл тэдэнд хэзээ ч сууж өгөхгүй юм байна. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ гэж арай ч арилчихсан дотортой хэдэн махан толгой сууж байдаггүй байх, Улаанбаатарт алдаршсан ганц нэг нөхрийнхөө хөшөө дурсгал, хүндэт самбараа гайхуулаад өнгөрөхгүй байгаасай. Гэгээрүүлэх, соёлжуулах, хамтран зөв аж төрөх ухаанд сургах, залхуурахгүй амьдрах тухай сургалт-ятгалгыг сумын төвд хэдэн жил шувтан хийх ёстой юм байна. Ядаж зөв хооллох, нийтийн хоолны наад захын хичээл сургууль явуулахгүй бол оройтох нь байна.
Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт Тангараг гээч юмыг хэвшүүлье. Шинэ УИХ-ын нээлт дээр Сайд нараар хулгай хийхгүй гэсэн тангараг уншуулж гарын үсэг зуруулж байдагтай адилаар Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар хулгай хийхгүй гэдгээс гадна төчнөөн өрх, төчнөөн иргэн, төчнөөн малчныг хоцрогдол, харанхуйгаас нь гэрэл гэгээнд гаргана гэсэн тангараг өргүүлэх хэрэгтэй. Ерөөсөө албадаж соёлжуулсан социализмын гэгээн туршлагыг эргэж сэргээе!
Хөдөөгийн иргэдийн тархинд ухаарал гэгээрлийн оч гялсхийлгэх хэрэгтэй. Ардчилсан Монголын эрх чөлөөт иргэн өөрийнхөө дуртай ажлыг хийж байна, хүний эрхэнд явахгүй, хэнд ч эрхшээгдэхгүй байна гээд амьдрал, үр хүүхдээ, ирээдүйгээ гаргуунд нь гаргачихсан гэдгийг тэдэнд ойлгуулж ухааруулахад Төрийн мэргэн бодлого чиглэгдэх болтугай! Энэ маань л үндсэндээ “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ын мөн чанар гэж би муйхраар тулгая!
НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ