Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хонь чинь нуль алт юм биш үү?

Үг, ая Д.Сэнгээ, Л.Мөрдорж нарын нэгэн дуунд:


Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар дүүрэн
Хөрсөн доор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болшгүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв өө!

Энэ дууг сонсмогц бидний үеийнхний самсаа шархирдаг байсан даа, ний нуугүй хэлэхэд.

Нийтлэлийн оршлоо ингэж яваад нийтлэлдээ ямар гарчиг өгөхөө мэдэхгүй бантаж бантаж “АЛТ”- гэчихсэн. Алтан дээр сандайлсан юу ч гэдэг билээ. Тэр хавьцаа ойлгочхоорой! “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” гэдэг сэдэв зоригтой хөнддөг болсных тэр хувьсгал маань сул хэвтэх энэ их алтаа (боломж ба өгөгдөл) зөв зүйтэй, шуурхай ашиглаач ээ гэдэг л ухуулга, уриалга, Төрийн чиг хараа, алсын хараа юм биш үү хэмээн би үздэг болсон.

Монголчууд бид хөгждөггүй, хөгжил нь жигдэрдэггүй тухай уртаас урт шүүмжлэлийн маань бас нэгээхэн хэсэг гээд ойлгочих.

Монголын хөдөөгийн хөгжилд ихээхэн сэтгэл чилээдэг болоод буй. 2022 оны зуны статистикийн албан бус нэгэн мэдээнд 90 сая мал сүрэгтэй болж яваа гэсэн байв? “90 сая”-аа алт, харин адуулагч маллагч монголчуудыг хэн гэж нэрлэе дээ гэж би тухайд үедээ бодоод өнгөрсөн. Хотын төвлөрөл, бөглөрөл, эко сүйрлийг гэтэлгэх хамгийн дөт зам бол хөдөөд жаргал цэнгэлийн орчин буй болгоод, их хотын ажилгүй, цалингүй, орлогогүй, гуриатаж яваачуудыг хөдөө гаргах явдал хэмээн зүтгэдгээрээ зүтгэнэ чиг! Огт хотойх юм алга. Дахиад нөгөө “сайн нэрт” малчдаа гөвнө чиг!

Ийм нэгэн явдал 2022 оны зун Төв аймгийн нутагт болжээ. “Монпеллетс” ХХК (Monpellets) буюу хонины ноосон органик бордоо үйлдвэрлэдэг үйлдвэрийн захирал, миний залуу найз нөхөр маань надад ярьсан хэрэг, тэр зун. Хонин сүргийнх нь тоо толгой эрс өссөн Монголын өнөөгийн нөхцөлд тун хэрэгтэй бизнес, экспорт тэд хийдэг тухай, банкнаас хэрхэн тэднийг дарамталдаг тухай, бас гадаад түншүүд яагаад чухал болох тухай, тэдэнтэйгээ хэрхэн хамтарч хоршдог тухай тун сонирхолтой яриа. Би зах зухаас нь малчдад хамаатай хэсгээс нь буулгая.

Шинэ Зеланд нь хонины аж ахуйгаар дэлхийд толгой цохидог, Австралитай л ана мана. Тэндхийн чухал туршлага байна. Юу гэвэл тооны хойноос бус чанарын хойноос хөөцөлддөг туршлага. 1990 oнд 64 сая толгой хоньтой байсан бол өнөөдөр 24 сая болгоод цөөлчихсөн, тэгсэн хэр нь 64 саятай байснаасаа 20 дахин их ашиг олдог, одоо тус улс хонины аж ахуйгаас хонины сүүний төслүүдээрээ дэлхийд алдаршсан, нэг литр сүү нь 23 доллар хүрдэг, хонин сүргээ ашигтай ашиггүй гэж сортолдог, 3 сартай хурганаас эхлээд 2-3 настай хонио эдийн засгийн эргэлтэд оруулдаг, нэг хонь 200 долларт Хятад руу борлуулдаг, өөрсдөө 8 сар хүрээгүй нялх хонины мах зооглодог, гэтэл Монголд хамгийн ашиггүй буюу 4-6 настай хөгшин хонь голлож байна хэмээн Шинэ Зеландын зочид ярьсан гэж надад хэлэв. Хөгшин, залуу хонь гэсэн нь манай малчдын чихийг дэлдийлгэжээ.

Товчхондоо алс тэртээ орших арлын тэр нэг жижиг улс хонины бизнесээр дэлхийд босоод иржээ. Тэр чигтээ хур туршлага, сургамж, Монголд бол үнэгүй дадлага сургууль болгоод хөөрхий хэдэн шинэ зеланд Монголд морилжээ. Хоёр зун дараалж ирээд байгааг бодохул Монголын зун таалагдсаных гэсгээд орхиё.

Үндсэн сэдэв. Тэрхүү туршлагыг нь Монголд нэвтрүүлчих санаатай “Монпеллетс” хоёр жил дараалан зүтгэж байгаа нь үнэхээр олзуурхууштай. Ингээд “Share Mongolia” төсөл хонины ноос цахилгаан хайчаар хяргах, хяргасан ноосыг ангилан ялгах сургалт зохион байгуулах болжээ. Сургалтыг нь НҮБ-ын хэвлэлийн сайтад ч онцолжээ. Шинэ Зеландаас хонины ноос хяргах 5 мэргэжилтэнг ноднин урьж ирүүлж, төслийг эхлүүлжээ. Төв аймагт тэдний оролцоотой сургалт зохиожээ.

Мэдээж хэрэг, анх удаа Монголд хөл тавьсан алс холын шинэ зеландын иргэдэд, тэр дундаа зуны дэлгэр цагт өндөр сэтгэгдэл төрүүлээд буцаачих чадал бидэнд бий. Манай хөдөөгийнхөн ч хамаг байдгаараа дайлаад, цайлган цагаан сэтгэл нь ил, мал хуй нь тал дүүрэн, хязгааргүй их тал, ер нь зуны хөдөө ямар билээ, тэр бүхэн гэрэл гэгээ болон тэр зочдын сэтгэлд шингэсэн учраас л жил дараалан Монголд ирж сургалтаа үргэлжлүүлсэн хэрэг л дээ.

Сургалтаас цочрол авууштай хэд хэдэн дутагдлыг (гэх үү дээ?) шүүн ярилцаад би бодож бодож энэхүү нийтлэлээ зориуд бичсэн хэрэг. Юу гэвэл нүүдэлчин монгол хүний хэнэггүй, сониуч, саваагүй, мартамхай, зарим талаар үл хүндэтгэсэн байдалд нь шинэ зеланд зочид нь гайхасхийгээд өнгөрчээ. Сургалт 5-хан өдөр. Тавхан өдрийг тэвчээд өнгөрөөчхөж чадахгүй монгол малчин залуусын тухай ярьж байна. Сургалтын эхний өдөр сониуч саваагүй зангаараа их л идэвхтэй сонирхолтой оролцож байх юм гэнэ. Хоёр дахь өдрөө сонирхол нь буурсан, гурав дахь өдрөөсөө мэдэмхийрээд бүгд чаддаг болчихсон, төгсгөлд нь тоож ирээгүй юү, мартсан уу, таг чиг. Шөнө орой болтол хөзөр тоглоод, наргиад өглөө арав, арваннэг хүртэл босдоггүй. Өглөөний сэрүүнд ноос хяргая гээд 07.00 цагаас хөтөлбөр зохиочихсон байдаг. Үд хүртэл хэн ч ирдэггүй. “Монпеллетс”-ийнхэн хэлэх үггүй ам үдээстэй, ийм л дүp зураг 2022 оны зун харагдаж байжээ.

Шинэ зеландчуудад үлдсэн нөгөө сайхан сэтгэгдэл–Монголын сайхан хөдөө, хүн ардынх нь зочломтгой, хоол унд, хорхгийн амт шимтийг хэдэн хэнэггүй малчин залуус баллаад хаячихсан гэхгүй ч, бас таатай бус. Гэхдээ 2023 оны зун арлын орны хоньч фермерүүд олуулаа ирээд сургалтаа үргэлжлүүлсэн нь манайхны татах увдис, өөр юу ч юм далд нэг юм байгаад байгаа хэрэг. Мөн тэмээний ноос хяргах сургалтын тухай ч шинэ санал сэдэлтэй ирцгээжээ.

Буянтай энэ ажлын цаад зорилго нь Монголын хөдөөд туслах явдал юм шүү дээ. Хяргагч тоног төхөөрөмж нийлүүлэгч Easy Shear ТББ бэлэн байна. Хонь тэмээний ноосыг хаягдалгүй худалдан борлуулж малчдын орлогыг нэмэгдүүлэх, томоор яривал Монголын хөдөөд техник технологи нэвтрүүлэн, Монголын хөдөөг XXI зуун руу хандуулан өөрчлөх ариун зорилготой.

Шинэ зеландчуудын гайхширлыг барсан нэг үзэгдэл бол манай хөдөөнийхөн хонины ноосоо огт хэрэгсэхгүй, түүндээ ач холбогдол өгдөггүй, бүр тээршаасан аястай, тэр их ноос чинь тэр чигээрээ алт, “Хайран алт!” гээд л амаа бариад байх юм гэнэ. “Ноос бол алт” хэмээн социализмын үед намын лоозон болж байсныг эргээд саначхав. Үнэхээр тийм. Бас нэг дутагдал–литр нь 23 доллар хүрдэг (өөрийнх нь нутагт?) хонины сүүг (ямааны сүү ч адилхан) манайхан даан ч тоохгүйд, огт саахгүйд нь харамсаад баршгүй гэнэ.

Манай мал төллөлт, дэлхийн дулаарлын байж байгаагаар манай мал сүрэг 100 саяд өлхөн хүрчих юм байна. Одоо бол нэгэнтээ 80 саяын наана цаана тоологдож буй малын хөлийн их тоосонд Монголын бүх бэлчээр ус талхлагдаад дуусахыг хүлээлгүй, хонин сүргээ Шинэ Зеландын туршлагаар цөөлж чанаржуулаад малчид нь Шинэ Зеландын фермерүүд шиг долларын саятан болоод яваасай гэсэндээ хэдэн үг холбож бичиж байгаа маань энэ шүү. Хэрэв тэгэхийг хүсвэл Төрөөс дэмжлэг байна, бэлээхэн “Хүнсний хувьсгал”-ын бүх хөнгөлөлтийг эдлэх боломж нь бүрдэж байна.

Анхааруулчихаар, би бол гутарч сонссон бас нэгэн баримт. 2022 оны зун яригдсан яриа. “Монпеллетс” ХХК нэг сая гурван зуун мянгаар цалинжуулаад ноос хяргах монгол ажилчин хайгаад олддоггүй, очсон нь тогтдоггүй. 2023 онд дээрдлээ гэж би лав олж сонсоогүй. Ажил тоож хийдэггүй, тэгсэн хэр нь тарган цатгалан, аз жаргалтай яваад болоод байдаг монгол араншин л даа. Энэ араншин хотод ч, хөдөөд ч эх орныг минь ёстой нэг алж тавьж байна аа!

Монголчууд малд нүдтэй, малч, маллаг, байгаллаг, хосгүй гэж өөрсдийгөө магтахын сацуу хонины аж ахуйгаар дэлхийдээ тэргүүлсэн энэ нэг жижиг орны туршлагыг дахин дахин судлаасай гэж ерөөе!

НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хонь чинь нуль алт юм биш үү?
Хэл солих
Мэдээлэл хайх