Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2004-2023 онд хэрэгжсэн “Монгол ногоо” төсөл томоохон үр дүн, ахиц дэвшил, амжилт дүүрэн хэрэгжиж дууслаа. Төслийн хаалтын арга хэмжээ 2023 оны 10-р сарын 19-ний өдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээгээр монгол улсын хүнсний ногооны салбарын цаашдын хөгжилд чиглэсэн, амжилттай хэрэгжиж туршигдсан загвар, үйл ажиллагааны урт хугацаанд тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцлээ.
“Монгол ногоо” төслийг 2004 оноос хэрэгжүүлж эхэлснээр хүнсний ногооны үйлдвэрлэл 2015 онд хэрэгцээнийхээ 40 хувийг хангаж байсан бол 2023 оны байдлаар 80 хувь хүрэхээр болсон байна. Мөн хүнсний ногооны шинэ сорт, үрийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байцай, шар манжин, сонгино, сармисны үйлдвэрлэл өнгөрсөн онд 2016 оныхтой харьцуулахад 1.4-2.4 дахин өсжээ.
Төсөл эхлэх үед улсын хэмжээнд 7600 га-д хүнсний ногоо тариалан, 72 мянган тн ургац хурааж авч байсан бол энэ намрын урьдчилсан дүнгээр тус талбайн хэмжээ 12600 га болж 60 хувиар нэмэгдэж, 165 мянган тн хүнсний ногоо хурааж авах төлөвтэй байгаа нь төсөл эхлүүлэх үеийнхтэй харьцуулахад д 2.3 дахин нэмэгдсэн байна.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2004-2023 онд тус төслийг 10 аймгийн 24 суманд хүнсний ногоог ялангуяа импортоор авдаг байцай, сонгинолог ургамлыг тариалан, үйлдвэрлэлийг нэмэхэд шинэ сорт нутагшуулах, үрээр хангах, шинэ техник технологийн мэдлэгийг ногоочдод олгох зэргээр ихээхэн үр дүн, ахиц дэвшил, амжилт дүүрэн хэрэгжүүлжээ. Төслийн хаалтын ажиллагааны үеэр Монгол Улсын хүнсний ногооны салбарт амжилттай хэрэгжиж туршсан загвар, үйл ажиллагааны урт хугацаанд тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцсэн юм.
Түүнчлэн, “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ байгуулан, хүнсний ногооны үр үйлдвэрлэл, ногоочдод зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх төв, зах зээлд дундын хоршоогоор дамжуулан хүнсний ногоог борлуулах, үр дүнгийн тогтвортой байдлыг хангасан бүтэц бий болгожээ. Хүнсний ногооны сорт, үрийн бодлого алдагдан, ногооны үрийн хангамж, үнэ тогтворгүй болсон байдлыг халахаар ТББ-ын дэргэд 2016 онд “Хүнсний ногооны үрийн үйлчилгээний нэгж байгуулсан нь өнөөдөр бие даан, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ХХААХҮЯ-тай хамтран улсын хүнсний ногооны үр сортын бодлогыг хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Ногоочид нэгдсэн бодлогогүй, зах зээлд дангаараа хямд үнээр ногоогоо зардаг тогтолцоог шинэчлэн, анхан шатны хоршоод нэгдэн 2018 онд дундын хоршоо байгуулжээ. Ингэснээр сүлжээ супермаркет, ресторан, төрийн худалдан авалт хийдэг байгууллагуудад бүтээгдэхүүнээ борлуулах загвар бий болгосон нь төсөл дууссаны дараа ч тогтвортой ажиллах жижиг хоршоо болоод байна. Мөн сумын “Ногоочдод зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх” төвийг 3 суманд өөрийн талбай, барилга, техникийн иж бүрдэлтэй байгуулсан нь төсөл дууссаны дараа бие даан ажиллах боломжтой ч цаашид төрөөс эрх зүй, санхүүгийн тодорхой дэмжлэг хэрэгтэй талаар төслийн хаалтын үеэр хөндөж байлаа.
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри ярихдаа, “Манай агентлаг Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ядуурал, өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд Монголд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Монгол Улс хүнсний төмсний хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний ногооны голлох таримлын үрээ бараг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээнийхээ 70-аад хувийг дотоодод үйлдвэрлэж байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон алхам юм. Хүнсний аюулгүй байдлын зорилтод хүрэхэд илүү хүчин чармайлт шаардлагатай тул хичээн зүтгэхийн уриалж байна. Монголын хөдөө аж ахуйн салбарт 2004 оноос хойш 60-аад сая ам.долларыг зарцуулснаас 15 сая ам.долларыг хүнсний ногооны салбарт зориулж. Монгол хүний хүнсний тэжээллэг байдлыг сайжруулах, эрүүл хүнсээр хангахад үр дүнтэй ажиллалаа. Хүнсний аюулгүй байдал, хангамжаас гадна тэжээллэг байдалд анхаарсан. Үйлдвэрлэлийн хэмжээнээс илүү чанар болон хүнсний олон төрөл зүйл чухал тул сортыг шинэчилж, үрийн фондыг дэмжиж ажилласан. Төслийг бид олон байгууллага, ногоочид, айл өрхүүд гэхчлэн тал бүрийн оролцоотой хамтран ажиллаж, үр дүнд хүрлээ” гэв.
Төслийг хэрэгжих явцад Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлсэн жилийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээл, 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал, салбарын техник тоног төхөөржмийн үнийн 50 хувийг буцаан олгох зэрэг дэмжлэг нь ч сайнаар нөлөөлснийг Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетинг төслийн хаалтын үеэр “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах онцоллоо.
Тэрбээр ярихдаа, “Төслийн 2 үе шатны санхүүжилт 13 тэрбум төгрөгийг үр дүнтэй зарцуулж, цөөнгүй үр дүн гаргасан. Тухайлбал, 35 салбарт 1500 ногоочинг нэгтгэсэн ТББ байгуулсан. Энэ байгууллага бэхжиж, дараагийн төслийг хэрэгжүүлэх саналаа боловсруулах боломж бий. Ногоочдоо зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах арга барилыг өөрчлөхөөр дундын хоршоо байгуулснаар нийслэлийн зах зээлд жилд 2000 гаруй тонн төмс хүнсинйи ногоог 4 тэрбум төгрөгөөр борлуулж, ногоочдын орлогыг 20-30 хувиар нэмж байгаа” хэмээсэн юм.
Хаалтын үйл ажиллагааны үеэр “Монгол ногоо” төслийн хүрээнд хүрсэн үр дүн, сургамжийн талаар дүгнэн, өөрсдийн сайн туршлагаас хуваалцах, санаа авч хэрэгжүүлэх, харилцан суралцахаар видео болон хэвлэмэл материалуудыг боловсруулж гаргасныгаа мөн төрөл бүрийн сортын хүнсний ногоо болон бүтээгдэхүүнээ сонирхуулан дэлгэжээ.