“Шинэ хоршоо- чинээлэг малчин” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр мал нядалгаа, мах боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд ямар үр ашигтай байх талаар “Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөртэй ярилцлаа.
–Шинэ хоршоо- чинээлэг малчин хөтөлбөрийн цөм нь малчдаа дэмжих, тэдний түүхий эд, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж амьжиргаагаа дээшлүүлэх ингэснээр тооноос чанарт шилжиж “зудад зутардаггүй, ганд гачигддаггүй” тэсвэртэй мал аж ахуйтай болоход оршино. Бэлчээрийн даацад тохирсон мал сүрэгтэй болохын тулд малчид хоршин нэгдэж хагас эрчимжсэн мал аж ахуй, мал үржүүлгийг хөгжүүлэх явдал юм. Энэ зорилгод хүрэхэд мал нядалгаа, мах боловсруулдаг үндэсний үйлдвэрлэгчид малчдын хоршоотой хэрхэн хамтран ажиллах боломж, хэрэгцээ, шаардлага байна вэ?
Улсын хэмжээнд мал төхөөрдөг нядалгааны 300 гаруй, боловсруулах 60 гаруй үйлдвэр байгуулагдсан гэсэн статистик тоо бий. Гэтэл эдгээр мал нядалгааны үйлдвэрүүд жилийн 3-4 сард л ажилладаг бусад саруудад сул зогсолт хийснээр үйлдвэр бүрэн хүчин чадлаар тогтмол ажиллаж чадахгүй алдагдалтай байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй гол асуудал юм. Хэрэв малчид мал үржүүлгийг хийж харин хоршоо хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх тохиолдолд үндэсний үйлдвэрлэгчдийг жилийн туршид шаардлага хангасан түүхий эдээр хангах боломж үүснэ. Мал төхөөрөх үйлдвэр малчдаас малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцоонд тавигддаг ерөнхий шаардлагыг л тавина.
Мах үйлдвэрлэж байгаа гол хүмүүс нь малчид. Гэтэл одоогийн байдлаар малчид зөвхөн намрын адаг сард мал, малын гаралтай түүхий эдийг ченжээр дамжуулан үйлдвэрлэлд, зах зээлд гаргаж байна. Энэ нь үйлдвэрлэлийг бүрэн ажиллуулах боломж олгохгүй байгаа юм. Тэгэхээр малчид үржүүлгийн эм үхрийг жоохон бордоод, хангалттай усны нөөцийг бүрдүүлээд, мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулсан тохиолдолд тухайн жилийн эр тугалыг малчдын анхдагч болон дундын хоршооны хагас эрчимжсэн мал аж ахуйд нийлүүлснээр хоршооноос жилийн турш мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрлэгчдэд түгээх болно. Харин хувийн хэвшил эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах боломжтой болно.
–Малчдын амьжиргаа нэмэгдүүлнэ гэдэг нь мал, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх юм. Үүнд малчид мал үржүүлэх, хоршоо болон зарим боломжтой малчид дангаараа хагас эрчимжсэн мал аж ахуйг эрхэллээ гэж төсөөлье энэ тохиолдолд малчин Батад эдийн засгийн яг ямар ашиг байгааг мөнгөн дүнгээр илэрхийлбэл?
За тэгэхээр Хэнтий аймгийн Дархан сумын малчин Малчин Бат 50 үхэртэй гэж бодъё. Малчид ихэнхдээ нийт малынхаа 12%-г л борлуулдаг 50 үхрийн 6 үхрийг нэгийг нь 1,3 сая төгрөгөөр гэж тооцоход жилд 9 сая төгрөгийн орлого олно. Тэгвэл малчин Бат жоохон нэмэлт тэжээл тариалаад, усан хангамжийг нэмэгдүүлээд, мал эмнэлгийн бүрэн үйлчилгээнд хамруулаад 50 үнээний 35-40 эр тугалыг эхлээр нь бэлчээрт идээшлүүлээд, жоохон тарьсан тэжээлээ нэмэлтээр өгөөд усан хангамж хүрэлцээтэй байвал нэг эр тугалыг 1 сая төгрөгөөр нийтдээ 35-40 сая төгрөгийн орлогыг бий болгоно. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд багахан сайжруулалт хийхэд л малчин Батын үхрээс олох орлого 4 дахин нэмэгдэнэ. Мөн малчин Бат малын тоогоо цаашид нэмэгдүүлэх шаардлагагүй болно.
–Таны гаргасан энгийн энэ тооцоолол малчдад хамаагүй үр ашигтай байхаар итгэл үнэмшил төрж байна. Гэтэл одоог хүртэл мал үржүүлгийн энэ санаачилга яагаад өргөн дэлгэрэхгүй байгаа юм бэ?
Нэгдүгээрт одоог хүртэл малчид үнэгүй бэлчээрт найдаж олон тооны малаас орлого олно гэсэн сэтгэлгээнд өөрчлөлт орохгүй байна. Хоёрт энэ чиглэлээр малчдад бэлэн хэрэгжүүлэх загварыг танилцуулаад, сургаад, зөвлөөд, сурталчилсан тогтолцоо байхгүй. Харин Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр яг энэ үзүүрээс буюу малчид руугаа зөвхөн ганцхан санхүүгийн дэмжлэг биш нэмээд мэдлэг, заавар, зөвлөмжийн дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй.
Хагас эрчимжсэн мал аж ахуйг малчин бүр хэрэгжүүлэх боломжгүй тэгэх ч шаардлагагүй. Харин малчдын хоршоо хагас эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх бүрэн боломжтой. Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийг дундын болон анхан шатны хоршоог үхэр, хонины хагас эрчимжсэн мал аж ахуйг эрхлэхэд чиглүүлээд мөн л тохиромжтой загвар, гарын авлага, зөвлөмж, сургалтыг тасралтгүй олгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийн хүрээнд хагас эрчимжсэн мал аж ахуйн хоршоодын замыг засаж, тэдний мэдлэг, туршлагыг нэмэгдүүлдэг зөвлөх үйлчилгээ, малчдад үржүүлгийн аргаар малаа хагас эрчимжсэн мал аж ахуйн хоршоонд нийлүүлсэн тохиолдолд махны урамшууллыг олгох ч боломжтой.
–Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр малчдын орлого ч нэмэгдэнэ, эрсдэл буурна, бэлчээрийн даацад тохирсон цөөн малтай болсноор бэлчээр нөхөн сэргэх боломж бүрдэнэ, үндэсний үйлдвэрлэгчид жилийн турш шаардлага хангасан мал, махны нөөцөөр хангагдаж үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн дүгнэлтэд хүрлээ. Энэ бүгдийн эцэст мал аж ахуйгаас ордог жилийн нийт орлого нэмэгдэх үү?
Мэдээж энэ бүгдийн эцэст малын чанар сайжирч, мал нядалгааны болон мах боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар махны экспортын хэмжээ өснө. Үүнийг дагаад жилд мал аж ахуйгаас одоогийн байдлаар 300 сая ам.долларын орлого олдог байсан бол энэ тоо даруй 3 дахин өснө. Мал, махны тогтолцоонд IPCC буюу Олон улсын ургамал хамгааллын конвенц, WOAH Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага, Food safety convention буюу Хүнсний аюулгүй байдлын конвенцын стандартыг хэрэгжүүлж чадвал экспортын махны үнэ, хэмжээ хангалттай нэмэгдэнэ.
Нийт малчдадаа хандаж хэлэхэд одоогийн нөхцөл байдалдаа жоохон өөрчлөлт хийгээд Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийн дэмжлэгийг мал үржүүлэг, хагас эрчимжсэн мал аж ахуйг хоршиж, хамтарч хийвэл малчин танд ч үр ашигтай, үндэсний үйлдвэрлэгчдэд ашигтай улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон эрсдэл багатай мал аж ахуйн тогтолцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
– Цаг зав гарган мэдээлэл өгсөн танд баярлалаа