Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Т.Мөнхтөр: Дэлхийн зах зээлд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ноёлж, цаашид ч давамгайлах хандлагатай байна. Дэлхий нийтээрээ нэг малаас авах ашиг шим буюу бүтээмжээр өрсөлдөх болжээ. Тэгвэл Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж махны аж ахуйн өртгийн сүлжээг байгуулах боломжтой юм.
Нэг ёсондоо малчид малаа үржүүлж, хоршоодод нийлүүлэх. Хоршоод мал бордох ААН болон мах төхөөрөх үйлдвэрт бүтэн жилийн турш залуу мал тасралтгүй нийлүүлэх. Улмаар эрчимжсэн мал аж ахуй буюу мал бордох үйлдвэрүүд бордсон малаа мах төхөөрөх үйлдвэрт бэлтгэн дамжуулах. Ингэснээр олон улсын шаардлагад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтэн жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах, ард иргэдийг шинэ махаар хангах, малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах кластер байдлаар хөгжүүлэх боломж бүрдэх юм байна.
Powered By EmbedPress
Монгол Улс мал сүргийн бүтцэд анхаарч тэнцвэртэй тоог баримтлахгүй бол бэлчээрийн даац хэтрэх, бэлчээр сүйдэх зэрэг олон сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй байна. Тэгвэл малын тоонд бус чанарт анхаарч энэ жишгээр мал аж ахуйн салбарыг хөгжүүлснээр бэлчээрийн даац тэнцвэржих, малчдын амьжиргаа дээшлэх, хоршоодын бизнес модель хэрэгжих боломжтой аж. Мөн мал төхөөрөх үйлдвэрүүд бүтэн жилийн турш тасралтгүй ажиллаж ард иргэдийг шинэ махаар хангах юм.