Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан “Бизнес форум” Истанбул хотноо амжилттай болж өндөрлөлөө. Бизнес форумд хоёр улсын барилга, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхайн салбарын 200 орчим компанийн төлөөлөл оролцов.
Монгол, Туркийн бизнес форумыг нээж Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Туркийн талаас Худалдааны дэд сайд болон ДЕК-ийн дарга нар үг хэлэв. ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин ойрын 2,3 жилд эрс өөрчлөгдөнө” гээд Туркийн бизнес эрхлэгчдийг өвөг дээдсийнхээ нутагт очиж бизнес эрхэлж, үл хөдлөх хөрөнгөтэй болж, ажиллаж амьдрахыг урилаа.
Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “Манай хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны байдлаар 115.4 сая ам.доллар байгаа ба Турк Улс 112 сая ам.доллар буюу 97 хувь, Монгол Улс 3.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж байна. Тиймээс Монголын талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлэх, бизнес хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь чухал” гэдгийг онцоллоо.
Форумын эхэнд БНТУ-ын эдийн засгийн товч мэдээлэл өгөв. Турк Улсын эдийн засаг сүүлийн 18 жилийн хугацаанд 4-5 дахин өсжээ. Гадаад худалдааны экспорт 255 тэрбум ам.долларт хүрсэн. Дэлхийн эдийн засаг, үйлдвэр үйлчилгээнд эзлэх хувь 1.35 хувь. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажилласаар байгаа. ДНБ 2002 онд 11000 ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 45000 ам.долларт хүрчээ. Турк улс руу хөрөнгө оруулалт хийвэл Европын холбооны хөнгөлөлт урамшуулал үзүүлнэ. Дэлхийн улс орнуудтай агаарын, төмөр замын, автозам, усан замаар холбогддог. Хүн ам өнөөдөр 88 сая, 2030 он гэхэд 92 саяд хүрэх тооцоог хийжээ. Судлаачдын тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индексээр 190 гаруй орноос 33 дугаар байрт жагсаж байгаа. 2003 онд компани байгуулах хугацаа сар гаруй болдог байсан бол өнөөдөр долоо хоног болжээ.
Форумаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим БНТУ-ын Гадаад харилцааны байгууллага /DEIK/-тэй харилцан ойлголцлын санамж бичиг шинэчлэн байгууллаа.
Форумын дараа хоёр орны бизнес компаниудын B2B уулзалтыг мөн зохион байгуулсан. Манай бизнес эрхлэгчдийн зүгээс Туркийн эрүүл мэндийн салбарыг сонирхож буйгаа илэрхийлж, тусгайлсан уулзалтыг хийсэн юм.
Истанбулын бизнес форумын үеэр Монголын компани 15-20 тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий 10 орчим гэрээ, хэлэлцээр амжилттай хийгджээ.