
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч “Хатан мээж хайрхан” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Хатан мээж хайрхан” сүүний үйлдвэр нь Булган аймгийн Булган суманд 2020 онд байгуулагджээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь MNS улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж Булган аймгийн зах худалдааны төвүүд болон Улаанбаатар хотод түгээж байна.

Тус компани нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай бөгөөд зургаан чиглэлээс түүхий эдээ цуглуулан малчдыг орлогожуулах ажилд хувь нэмэр оруулж байгаа юм.
”Хатан мээж хайрхан” сүүний үйлдвэр нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрийн хүчин чадлаа нэмж өдөрт 10 тн сүү малчдаас худалдан авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.
Цаашид үйлдвэрийн барилгаа шинэчлэн, шинэ сав баглаа боодолтой 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж буй.



