
Сэлэнгэ аймаг тарьц суулгацыг улс, бүс, аймгуудын хэмжээнд нийлүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэн ойжуулалт, ойн зурвасын ажлыг 16.0 мянган га талбайд хийхээр төлөвлөөд байна.
Мөн 50 сая ширхэг тарьц, суулгацыг тарьж, үрийн нөөцийг 20 тн-д хүргэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, чадавхыг нэмэгдүүлэн цөлжилт газрын доройтлыг бууруулан “Ногоон сум”, “Ногоон гудамж”, “Ногоон оффис”, “Ногоон ажлын байр”-ыг дэмжин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг дэвшүүлжээ.
Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, уул уурхайн хамтын ажиллагаа-2025” салбарын зөвлөгөөний үеэр уул уурхайн 16 аж ахуйн нэгжтэй 142 мянган ширхэг мод тарьж ургуулах гэрээг аймгийн Засаг дарга үзэглэсэн.
Энэ нь мод үржүүлэгчдийн тарьц суулгацыг худалдан авалтаар дэмжлэг үзүүлэн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх зорилготой хийж буй томоохон дэмжлэг юм.
Түүнчлэн байгаль орчны салбарт ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн чиглэлээр 2.3 тэрбум хөрөнгийг зарцуулан “Ногоон хөгжлийн бодлого -2030” бодлогын баримт бичгийг боловсруулж, аймгийн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийг тогтоож, аймгийн ИТХ-ын 155 дугаар тогтоолоор батлуулж, улсын хэмжээнд хамгаалалтын бүсийг тогтоосон 2 дахь аймаг болоод байна.
Уул уурхайн салбар нь аймгийн төсвийн 40 хувийг бүрдүүлж, улсын шохойн 47.1, цементийн 24.9 орчим хувийг дангаараа үйлдвэрлэжээ.
Аймгийн нутаг дэвсгэрт хийсэн эвдэрсэн газрын тооллогоор уул уурхайн нөлөөлөлд өртөж эвдэрсэн 5244.5 га талбай байгаа тооцоо судалгаа гарч, аймгийн хэмжээнд 2203.4 га талбайд техникийн, 847.8 га талбайд биологийн, 71.1 га талбайд дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийсэн байна.
Энэ нь нийт эвдэрсэн талбайн 59.5 хувийг нөхөн сэргээж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлжээ.





