Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний мал аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны төлөөлөл болон УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Төв аймгийн Аргалант, Лүн суманд үйл ажиллагаа явуулж байгаа мах боловсруулах үйлдвэрүүд, кластер сүүний ферм, самрын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тухайлбал:
- УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин,
- УИХ-ын гишүүн Ж.Батжаргал,
- УИХ-ын гишүүн Т.Аубакир,
- УИХ-ын гишүүн Ц.Туваан,
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарын холбогдох албаны хүмүүс үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аргалант суманд үйл ажиллагаа явуулж буй “Эко фүүдс” ХХК, Лүн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрүүл Монгол мах Эко” мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт” болон хэрэгжүүлэх 24 төсөл, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хоршоодын үйл ажиллагаатай хэрхэн уялдуулан хөгжүүлэх талаар санал солилцов.
Бэлчээрийн даац хэтэрсэн цаг үед малын тоонд бус чанарт анхаарч, өвлийг өнтэй давах, малын хорогдол үүсэхээс урьдчилан сэргийлж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, худалдан борлуулахад анхааран аймгаас бодлогоор дэмжин ажиллаж байгаа гэдгийг аймгийн удирдлагуудын зүгээс хэллээ. Төв аймаг жилдээ 40-50 мянган тонн мах бэлтгэдэг бөгөөд 4 махны үйлдвэр, 6 мах төхөөрөх цех үйл ажиллагаа явуулж байна.
Лүн суманд баригдсан мал төхөөрөх, мах боловсруулах уг үйлдвэр 11.116 метр квадрат талбайтай бөгөөд оффис, ажилчдын байр, үйлдвэрийн үндсэн барилга, бэлэн болон түүхий эд хадгалах, хөлдөөх агуулах, цэвэрлэх байгууламж зэргээс бүрдэж байгаа юм. Үйлдвэр ашиглалтад орсноор Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу хоршоодод суурилсан мах бэлтгэлийн системийг ажиллуулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мах бэлтгэх ажлыг оновчтой зохион байгуулахад түлхэц болж байгаагаас гадна тухайн аймаг сумынхаа эдийн засгийн бүтцийг тодорхойлж байгаагаараа онцлогтой.
Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн бодлогын бүх шатанд, хамтын хүчээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодод даалгасан.