2022 онд дэлхийн есөн хүн тутмын нэгт хүнсний аюулгүй байдлын ноцтой тулгараад байгаа асуудлыг цар тахал болон ОХУ, Украйны мөргөлдөөнүүд улам өргөн хүрээтэй болгожээ.
Эдгээр ноцтой асуудлуудын улмаас дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 2019 оноос хойш 122 саяар нэмэгдсээр 735 саяд хүрсэн гэж Нэгдсэн Үндэсний Байгууллагаас мэдээлээд байна.
Хэрэв энэ байдал үргэлжилбэл 2030 он гэхэд өлсөглөнд нэрвэгдэх хүмүүсийн тоо ойролцоогоор 600 сая гаруй хүн болж нэмэгдэх төлөвтэй байна. 2019-2020 оны хооронд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо огцом нэмэгдсэний дараа энэ тоо тогтворжсон ч баруун Ази, Карибын тэнгис болон Африкт өссөн үзүүлэлттэй байгааг Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын бусад байгууллагууд өнгөрөгч Лхагва гарагт мэдээлэв.
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал Цю Дуню “Цар тахлаар өвчлөгсдийн эдгэрэлт жигд бус, мөн ОХУ, Украйны дайн хоол хүнсэнд нөлөөлсөөр байна. Уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн тогтворгүй байдал хүмүүсийг улам аюултай байдалд оруулж байна” хэмээн хэлэв.
Улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцгийн тосны гол үйлдвэрлэгч Украйн улс руу ОХУ түрэмгийлэн халдсан нь дэлхийн хэмжээнд хүнсний үнэ огцом өсөхөд хүргэсэн бөгөөд НҮБ-ын ХХААБ-аас гаргасан хүнсний үнийн индекс буурсан ч нөлөөлөл нь мэдрэгдсээр байгаа ажээ.
Жил бүр гаргадаг “Дэлхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн байдал” тайлангийн 2023 оны хэвлэлд дэлхий нийт хүнсний хямралд нэрвэгдэж байгааг харуулсан байна. 2022 онд ойролцоогоор 900 сая хүн буюу дэлхийн хүн амын 11.3% нь хүнсний хомсдолд нэрвэгджээ. Зарим хүмүүс жилийн турш хоол хүнсгүй, эсвэл бүтэн өдрийн турш юу ч идэхгүй байгааг илтгэж байгаа юм. Гурван хүн тутмын нэг нь буюу 2,4 тэрбум, дэлхийн хүн амын 29,6% нь хүнсний тогтмол хүртээмжгүй байгааг онцлон дурджээ.