Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр далайд гарцгүй улс орнуудын хөгжлийн чиг хандлага хийгээд манай улсын экспортын асуудлыг хөндөн ярилаа.
Өндөр өртгөөр тээвэр хийсэн ч гуравдагч улсад бүтээгдэхүүн өрсөлдөнө гэдэг хэцүү
-Далайд гарцгүй дэлхийн улс орнууд цаашдын хөгжлөө хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Далайд гарцгүй хөгжиж буй орнууд ихээхэн онцлогтой байдаг. Нийт 32 орон байдаг бөгөөд тэдний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл ижил төстэй юм.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээ дээрх улс орнууд харилцан адилгүй байдлаар шийдэж байна. 32 орны 16 нь газар зүйн хувьд Африк тивд байрладаг. Төв Африкын улсууд нэн буурай хөгжилтэй бөгөөд эргэн тойронд байгаа хөрш орнууд нь дайн дажинтай байдаг юм.
Эдгээр улсуудыг манай улстай харьцуулж болохгүй. Манай улстай ижил төстэй гэвэл Азарбайжан, Казахтан, Армен, Македон гэх мэт далайд гарцгүй улсууд бий. Тэдний хувьд эдийн засгийн сэргэлтийг бий болгож байна. Азарбайжан болон Македон улсууд Европын холбоотой ойрхон тул худалдааны холболт нь энгийн бөгөөд амархан. Мөн том зах зээлтэй ойрхон.
Манай улс ч хоёр том зах зээлийн дунд оршдог. Үүнтэй ижил улс орнууд эдийн засгийн хувьд сэргэлт хийж байгаа юм. Мөн Казахстан Хятадтай ойр ажиллаж байгаа нь эдийн засгийн том зүтгүүр болж буй. Тиймээс Зүүн Өмнөд Азиййн орнууд, жишээлбэл манай улсаас болон Төв Азийн, Европын далайд гарцгүй улсууд эдийн засгийн сэргэлтээ хэрхэн цогцлоох, хэрхэн ажиллах, бодлогоо хааш нь чиглүүлэх, ямар санхүүгийн болон экспортын бодлого явуулж буйг улс орнууд харилцан судалж, санал солилцох байдлаар Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтад уулзаж байна.
-Сайн жишээнээс дурдвал?
-Зүүн Өмнөд Азиас Лаос улс байна. Тэдний хувьд Гадаад хэргийн худалдаа эрхэлсэн сайд нь манай улсад ирсэн. Тэрбээр “Хэдийгээр жижиг бөгөөд далайд гарцгүй нэн буурай улс орон байсан ч Лаос Вьетнам болон Хятад,Тайланд гэх гурван хөрштэйгөө сайн хамтын ажиллагаа үүсгэж чадсаны хүрээнд далайн боомтуудтай холбогдсон. Далайд гарцгүй ч гэсэн холбогдож чадсан гэдгээ ярьсан.
Тухайн улсаас сурах зүйл олон байна. Хурдны галт тэргээ барьсан, Хятадын нийт дэд бүтэцтэй шууд холбосон, Вьетнамаар дамжин далайд гарч, Тайландаар дамжиж экспортоо хийдэг. Боомтын асуудлаа сайн цогцлоож чадсан үлгэрлэл бий.
Цөөн үгээр тайлбарлахад хэцүү л дээ. 32 улс орон өөр тул тус бүрд нь тайлбарлана гэвэл их цаг авна. Эргээд анхны асуулттай холбоход улс бүр эдийн засгаа сэргээхэд анхаарч байгаа тул 32 орныг нэг бүрчлэн ярих хэрэг гарах юм.
-Энэ 32 улсад нийтлэг тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?
-Газар зүйн байрлал, түүх, соёл иргэншлийн хувьд эдгээр улсууд ялгаатай боловч өмнө нь тулгарч буй асуудал нь ижил. Жишээлбэл, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн хөгжлийн асуудал, тарифын болон тарифын бус гааль дээр нь үүсэх, чадавх хийгээд санхүүжилтийн асуудал зэргийг дурдаж болно. Мэдээж хэрэг хамгийн том нь далайд гарцгүй тул боомт байхгүй.
Далайд гарцгүй улс орнуудтай холбоотой тоон мэдээллээс дурдъя. Өөрийнхөө нийслэлд үйлдвэрлээд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход хамгийн ойрхон далайн боомт хүртэл тээвэрлэлт хийхэд ДНБ-ийхээ 6.2 хувийг зарцуулдаг. Тэгэхээр энэ хувийг тээвэрт зарцуулаад, далайд тээврээ төлж, гуравдагч зах зээл дээр очоод Хятад, АНУ, эсвэл Германы бараатай өрсөлдөх хэмжээнд байна гэдэг нь хэцүү.
Экспорт гэдэг хамгийн том асуудал. Далайд гарцгүй тул өндөр өртөгтэй байгаа хэрэг. Өндөр өртөгтэй байна гэдэг нь өрсөлдөх чадвар бага.
-Манай улс далайд гарцтай эсвэл өөр улсад далбаагаа түрээсэлж, төсвийн орлогыг бүрдүүлдэг-
-Та сая Лаос улсын жишээн дээр дурдлаа. Далайд гарцгүй ч холбогдож чадсан гэж. Манай улсыг зарим нь далайдд гарцгүй ч холбогдож чадсан гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Энэ бол тусгай асуудал. Үүнийг тайлбарлахын тулд олон зүйлийг ярих ёстой.
Нэгдүгээрт, Олон улсын далайн эрх зүйн тухай конвенц гэж бий. Энэ конвенцод далайд гарцгүй улс орнуудад далайд гарцтай эсвэл өөр орнуудад далбаагаа түрээсэлж болно гэх зөвшөөрлийг олгодог юм. Тэгэхээр бид далайд гарцтай эсвэл холбогдсон юм биш. Далбаагаа түрээслүүлж байгаа хэрэг.
Мэдээж хэрэг санхүүжилт сайтай байсан бол өөрийн гэсэн усан онгоц авч, ахмадаас эхлүүлээд баг бүрэлдэхүүн, үйлчилгээний албыг зохицуулж, усан цэргүүдтэй болж, түүгээрээ худалдаа хийж, далайн тээвэрлэлтэд оролцдог хэмжээнд очвол бидэнд боломж нээлттэй.
Гэвч өнөөдрийн түвшинд бол манай улс болон бусад далайд гарцгүй улсууд далбаагаа далайтай улсад эсвэл өөр улсад түрээслэж, түрээсийн мөнгө авч, төсвийн орлого олдог юм. Тиймээс үүнийг далайд гарцтай болсон гэж ойлгож болохгүй.
-Бид ногоон стандартыг дэмжих ёстой-
-Бидний хувьд экспортын 80 гаруй хувийг урд хөрш эзэлдэг. Үлдсэн хувийг нь бусад улс руу экспортлож буй бараа бүтээгдэхүүний хэмжээ эзэлдэг шүү дээ. Далайд гарцгүй бидний хувьд экспортын тоо хэмжээг нэмэхийн тулд “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрхэн ашиглаж байгаа вэ. Юунд анхаарах шаардлагатай байна вэ?
-Энэ асуулт бол хамгийн ихээр тулгамдаад буй асуудал. Тиймээс ч Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг зохион байгуулсан хэрэг. Форумаар хөндөж буй нэг агуулга нь ногоон төрөлжүүлэлт юм.
Урьд нь худалдааг хөнгөвчлөх, эргэлтийг нэмэх, солонгоруулах асуудлыг хөнддөг байсан. Гэвч хэзээ ч ногоон төрөлжүүлэлтийг ярьж байгаагүй. Одоо улс орон даяар өрнөж буй “Тэрбум мод” аян нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хийж буй төсөл. Үүний хүрээнд худалдаагаа ч ногоон болгох хэрэгтэй байгаа. Тиймээс органик, цахим, тогтвортой гэх гурван уриан дор экспортын асуудлыг хөндсөөр.
Хүнд, орчин, бизнест ээлтэй тогтвортой байх хэрэгтэй. Дэлхий даяар органик эрүүл хүнс рүү чиглэж байгаа энэ үед бидний хувьд органик хүнс үйлдвэрлэх, хэрэглээхэд чиглэж байгаа. Мөн цахимжсан цагт тарифын болон тарифын бус хил гааль дээр үүсдэг асуудлыг бууруулж, багасгах юм. Цахимжсанаар аливаа зүйлийг хөнгөвчилнө.
Манай улсын хувьд нэгдүгээрт, үйлдвэрлэгч орон болох ёстой. Энэ чиглэл рүүгээ ч явж байгаа. 15 жилийн өмнөхтэй харьцуулахад уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болсон. Энэ бараа бүтээгдэхүүнийг хэрхэн бусад далайд гарцгүй улс орон болон түнш улсууд руу экспортлохоо форум, чуулга уулзалт хийж байж л мэдэх боломжтой.
Түүнээс бус бизнесийнхэн бор зүрхээрээ ганзагын наймаа хийдэг байсан үе шиг ганцаараа худалдаа хийхээ больсон. Дэлхийн худалдаа гэдэг бол интеграчлагдсан, томоохон үндэстэн дамнасан компаниудын нөлөө орох, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм дор явагдах гэх мэт олон төрлийн стандартуудыг хангах шаардлага үүсдэг.
Тиймээс ногоон стандартыг дэмжих ёстой.Уг сандартыг зарим үед бий болгох ёстой юм. Үүнийг нутагшуулснаар аж үйлдвэрлэл хөрсжиж, гадаадын түншүүд маань тухайн барааг авах сонирхолтой болно. Стандартын асуудлыг мартаж болохгүй.
Нэмж хэлэхэд эмэгтэйчүүд болон залуучуудын үүрэг оролцоог мартаж болохгүй юм.
-Цахимжилт худалдааг хөнгөвчлөх ч 100 хувийн шийдэл биш-
-Экспорт хийхэд тээврийн үнэ хөлс хамгийн ихээр тулгамддаг асуудал гэдгийг дурдлаа. Тээврийн үнэ өндөр байгаад, тухайн бүтээгдэхүүний зах зээлийн борлуулах үнэ нь өсөөд ч хамаагүй, бусад улс орны манайхаас авах сонирхолтой байдаг бараа бүтээгдэхүүн нь юу вэ?
-Бүтээгдэхүүн бүрийг тээвэрлэж, худалдаалах боломжтой. Хэчнээн сайхан чацарганы шүүс байсан ч зарах гэсэн улсад нь тухайн бүтээгдэхүүний стандартыг хүлээн зөвшөөрөхгүй бол эрэлт нь унана гэсэн үг. Тиймээс зах зээлийг нь судлах хэрэгтэй.
Мөн А цэгээс Б цэг рүү хямд, хурднаар бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх талаарх асуудал хөндөгдөнө.
Түүнчлэн ямар бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой гэдгээ манай улс судалгаа хийж, тодорхойлох шаардлагатай. Энэ бол бодлогоор гэхээс илүүтэй зах зээлээрээ шийдэгдэх асуудал гэж боддог. Аль улсад худалдан авагч, ямар барааг сонирхож байгааг судлах хэрэгтэй.
Манай улсын хувьд уул уурхайгаас гадна органик хүнсийг цөөн тоогоор үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлээ нэмэх хэрэгтэй байгаа. Ногоон байдлаар хөгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгох гэх мэтээр нэн тэргүүнд аж үйлдвэрлэлээ хийдэг болсны дараагаар экспортын асуудлаа судлаад явж буй. Ямар бараа бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэвэл стандартад нийцэх, аль нь бидний хэрэгцээг хангаж, гуравдагч зах зээл рүү гарах боломжтой байгааг судлах нь цаг хугацаа их шаарддаг.
-Лаосоос гадна сайн жишээ дурдахгүй юу. Ингэхдээ манай улстай төстэй хийгээд ижил бүтээгдэхүүн экспортлох ч юм уу?
-Азарбайжан, Армен, Македон, Казахстан байна. Манай улстай ижил төстэй уур амьсгал, мал аж ахуйтай, мөн бэлчээрийн малтай гэх мэтээр нь тооцоолж харвал Казахстан улс Монголтой төстэй. Кыргиз бас байх боломжтой. Узбекстан улсыг дурдаж болох ч олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадалтай орон юм.
Азабайжаны хувьд цахим хөгжлөөрөө тэргүүлж байна. Дийлэнх бараа бүтээгдэхүүн нь Туркийн дагаад нэлээд хөгжсөн. Харьцуулж болохуйц эдийн засгийн өсөлттэй, төрөлжилттэй, мөн экспортын хувьд манай улсаас илүү дээр хөгжлийг харуулж байгаа юм.
-Далайд гарцгүй улсуудын хувьд дижитал бүтээгдэхүүнийг хэр экспортлодог вэ?
-Манай улс энэ чиглэлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Цахимжилтийн хурд, үр дүнд манай улс дээр дурдсан орнуудын дараагаар жагсдаг байсан ч далайд гарцгүй улсууд дотор тэргүүлэх хэмжээнд очиж байна. Энэ бол далайд гарцгүй бусад улсуудад сурталчлах сайн жишээ. Бусад улс орон манай улсын энэ жишээнээс суралцах хүсэлтэй байгаа.
Үүнийг цахим худалдаа руу шилжүүлэх нь бидний өмнө маш том сорилт болж байгаа юм. Гэсэн хэдий ч ямагт санхүүжилт хэрэгтэй. Мөн дэд бүтэц шаардлагатай байгаа нь зөвхөн улс дотор бус бусад улсуудад хэрхэн хүргэхээ давхар судлах хэрэгтэй.
Цахимжилт бол 100 хувийн шийдэл биш. Худалдааг хөнгөвчлөх ч асуудлыг том, цогцоор нь шийдэж чадах зүйл биш юм.
-Ярилцсанд баярлалаа.