Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ЕБС-ийн сурагчдад тохиромжтой болон хориглох хүнсний жагсаалтыг гаргасан байна.
Үдийн хоолонд тохиромжтой хүнс:
- Бүхэл үр тариа
- Жимс, жимсгэнэ
- Сүү, тараг, цагаан идээ
- Хүнсний ногоо
- Төгс уургийн эх үүсвэр буюу хонь, үхрийн мах
Үдийн хоолонд хориглох хүнс:
- Түргэн хоол
- Шарсан төмс
- Чихэрлэг ундаа
- Хийжүүлсэн болон будагтай ундаа
- Чихэрлэг амттан
- Транс тос, маргарин
- Нөөшилсөн бүтээгдэхүүн
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг инфляцын түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан жил тутам шинэчлэн батлах” гэж заасан байдаг.
Хоолны зардлын норматив гэж нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг хэлдэг байна.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1,500 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ), Эрүүл мэнд болон Сангийн сайд нарын 2020 оны хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хэмжээг:
- Өдөрт найман цаг ажилладаг цэцэрлэгийн хүүхдүүд хоногт авах илчлэгийнхээ 80 хувийг
- 24 цагийн цэцэрлэгийн хүүхэд 100 хувь
- ЕБС-ийн дотуур байранд амьдардаг хүүхэд 100 хувь
- ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг сурагчид 15 хувь
- ЕБС-ийн “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг сурагчид 35 хувийг авахаар заасан байдаг.
“Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцаж байна” гэж БШУЯ-наас мэдээлж байв.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-иудын 597 нь зориулалтын гал тогоотой байсан бол 224 нь зориулалтын бус, хүрэлцээгүй хүчин чадал бүхий гал тогоотой байжээ. Огт гал тогоогүй 9 сургууль байсан байна.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 75 хоол зүйч, 1,276 тогооч, 464 туслах тогооч, туслах ажилтан ажиллаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс хоол зүйч 15 дахин, тогооч 12.9, туслах тогооч, туслах ажилтан 34.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд:
- Үдийн цай, хоолонд суралцагчийг тэгш хамруулах,
- Эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах,
- Сургуулийн хоол үйлдвэрлэлд гарал үүслийн, эсхүл мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ашиглах;
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний агуулах, сав баглаа боодол нь стандартын шаардлагад нийцсэн байх
- Стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцийг зүй зохистой зохион байгуулах;
- Орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх зэрэг зарчмуудыг тусгаж өгсөн байдаг.