ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
✓ Евро азийн эдийн засгийн холбоо гэж юу вэ?
Евразийн эдийн засгийн холбоо нь бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын олон улсын байгууллага юм. Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Беларусь, Казахстан, Армень болон Киргиз гишүүнээр 2015 онд элссэн бөгөөд ажиглагч орнуудаар Молдав, Узбекистан, Куба байна. Одоогийн байдлаар Вьетнам, Сингапур, Серби болон Иран улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээний үе шатан дээр байгаа дараах улсууд байна: Египет, Израиль, Энэтхэг, Монгол, Индонези, Арабын Нэгдсэн Эмират Улс. Хятадтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан.
✓ Тухайн холбооны гишүүн болох, тус холбоотой худалдааны хэлэлцээр байгуулахын ялгаа юу вэ?
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн болсноор гишүүн улс хооронд бараа үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчний хөдөлгөөн чөлөөтэй шилжих бөгөөд, барааны хувьд гаалийн татварын нэгдсэн нэг системтэй байна. Холбооны гишүүн улсууд нь худалдааны нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тусдаа бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжгүй юм. Евразийн эдийн засгийн холбооны дүрмийн 6 дугаар бүлгийн 25.1.3-т заасны дагуу гишүүн улс нь гуравдагч талын улс орнуудтай бараа худалдаалах нэгдсэн дэглэм баримтлах ёстой учир бие даан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах
боломжгүй гэдгийг ОХУ-ын талаас албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улс, ЕАЭЗХ хооронд яригдаж байгаа чөлөөт худалдааны түр хэлэлцээр бол зөвхөн хоёр талаас тохиролцсон тус бүрийн 375 дэд бүлгийн (БТКУС 6 оронтой ангилал) барааны хүрээнд гаалийн албан татварыг харилцан тэглэх
(2023 оны байдлаар ОХУ-аас Монгол улс руу 1746 нэр төрлийн бараа импортолж, Монгол улсаас ОХУ руу 494 нэр төрлийн барааг экспортолж байна), тоон хязгаар буюу квот байхгүй болгохоор хэлэлцэж байна. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8 оронтой ангиллаар ОХУ-аас
Монгол Улс руу гаалийн татваргүй нийлүүлэгдэх бүтээгдэхүүн 511 ширхэг бөгөөд өмнө тус улсаас авдаг байсан импортын бараанд нэр төрөлд өөрчлөлт орохгүй юм. Харин Монгол Улсаас ОХУ руу 633 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох боломж бүрдэхээр байна. Тухайлбал, 29 төрлийн мах махан бүтээгдэхүүн, 60 төрлийн арьс ширэн бүтээгдэхүүн, 204 төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн, 73 төрлийн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн гаралтай
бусад бараа бүтээгдэхүүнүүд гаалийн татваргүй экспортод гарах боломж бүрдэхээр байна.
Мөн тус хэлэлцээрийг байгуулснаар тодорхой бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэхээс гадна гаалийн хяналт шалгалтыг бууруулах, гаалийн эрүүл ахуй хорио цээрийн тохирлыг гэрчилгээний үр дүнг харилцан зөвшөөрөх давуу талтай бөгөөд өөрөөр ямар нэгэн үүрэг амлалт хүлээхгүй, цаашид тус холбооны гишүүн болох үүрэг амлалт огт тусгагдаагүй юм. Энэхүү гэрээ нь байнгын зохицуулалттай биш бөгөөд 3 жилийн хугацаатай хэрэгжиж, шаардлагатай гэж
үзвэл гэрээг сунгах эсхүл цуцлах боломжтой юм.
✓ Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны мэдээлэл
Монгол Улс ЕАЭЗХ, түүний гишүүн 5 улстай хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 онд 2.6 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.доллар, экспорт 143.0 сая ам.доллар буюу 95:5 харьцаатай, тэнцвэргүй байна. Гишүүн 5 улсын худалдааны 95.5 хувийг ОХУ, 2.9 хувийг Казакстан улс, 1.3 хувийг Беларусь улс, 0.3 хувийг Киргизстан улс, 0.03 хувийг Армени улс тус тус бүрдүүлж байна.
Эдгээр улсуудтай хийж буй худалдаа нь манай улсын нийт бараа эргэлтийн 10.7%, импортын 26.8%, экспортын 0.9%-г бүрдүүлж байна.
Монгол Улс, ОХУ-тай хийж буй худалдааны мэдээлэл (сая ам,доллар)
Дээрх худалдааны статистик мэдээллээс харахад Монгол Улсаас ОХУ руу хийх экспорт сүүлийн 10 жилд төдийлөн нэмэгдээгүй бөгөөд эсрэгээрээ түлш шатахууны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнээс хамааран тус улсаас хийж буй импортын хэмжээ 50 гаруй хувиар нэмэгдсэн байна.
✓ Монгол улсаас ОХУ руу экспорт хийхэд үүсэж байгаа хүндрэлүүд
Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс ОХУ-тай худалдаа хийхэд үүсэж буй хүндрэл бэрхшээлийг судлан үзээд дараах шалтгаанууд байгааг тогтоосон. Үүнд: ОХУ-н гаалийн албан татвар хэтэрхий өндөр буюу Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд 15-50 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг. Ингэснээр МУ-аас гаралтай бараа бүтээгдэхүүн тухайн зах зээлд өрсөлдөх
чадварыг бууруулдаг. Мах махан бүтээгдэхүүнд импортын квот тогтоож, нийлүүлэх хэмжээг
хязгаарладаг. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний техникийн
зохицуулалтын шаардлага өндөр. Гаалийн үйл ажиллагаа хүнд суртал ихтэй.
ОХУ-ын тохирлын гэрчилгээ авахад 4-6 сар хүлээдэг хүндрэлтэй, гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа 1 жил байдаг. Дээр дурдсан тарифын болон тарифын бус хязгаарлалтуудаас шалтгаалан МУ-н ААН-үүд ОХУ болон ЕАЭЗХ-ны гишүүн улсууд руу худалдаа хийх боломжгүй нөхцөлтэй байсан байна.
✓ Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар гарах үр дүн
Монгол Улсын ЕАЭЗХ-той байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийн эдийн засгийн нөлөөллийн шинжилгээг GTAP (Дэлхийн худалдааны анализ төсөл) ерөнхий тэнцвэрийн загварын хамгийн сүүлийн 2023 оны 11С дата загвар ашиглан хийсэн. GTAP загвар нь олон улсын худалдаа, үйлдвэрлэл, эдийн засгийн бодлого, түүний үр нөлөөг шинжлэхэд ашигладаг дэлхийн 141 улс, 19 бүс нутгийн улс хоорондын худалдаа, тээвэр, тарифын хамгаалалт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан тоон мэдээллийн загвар юм.
Импорт
ЧХХ-ийн үр дүнд импортын тариф хасагдсанаар импортын барааны үнэ буурч, эрэлт нэмэгдэхтэй холбогдон Монгол Улсын импорт 0.86 хувиар нэмэгдэх магадлалтай байна. Үүний бараа, үйлчилгээний салбарын задаргаагаар үзвэл, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, улаан буудай, ундаа, тамхи болон модон эдлэлийн импорт нэмэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл, эдгээр бүтээгдэхүүнүүдийн хувьд дотоодын зах зээл дээрх нийлүүлэлт, өрсөлдөөн нэмэгдэж, хэрэглэгчдэд хүрэх эцсийн үнэ буурах боломжтой. Үнэ буурч байгаа нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн ашигт ажиллагаанд нөлөөлнө. Гэвч эдгээр бүтээгдэхүүнүүдийн хувьд манай улсад түүхий эдийн нийлүүлэлт өндөр, мөн цаашид Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Экспорт
МУ-ын гол нэрийн барааны ЧХХ-ийн талууд руу гаргах экспортын хэмжээ өндөр өсөлт үзүүлэхээр байна. Тухайлбал, ОХУ-д экспортлох бусад мах, махан бүтээгдэхүүний хэмжээ 140%-ийн өсөлт үзүүлэх нь хамгийн өндөр өсөлттэй салбар байна. Мөн, ОХУ, Казахстанд экспортлох малын мах, дайвар бүтээгдэхүүний хэмжээ тус тус 125.8%, 113.8%, нэхмэл эдлэл тус тус 55.5%, 27%, савхин эдлэл тус тус 50.5%, 159.9% өсөх дүн гарав. Бусад уул уурхай, олборлолтын ОХУ-д гаргах экспорт 17%, Беларуст гаргах экспорт 18.7% нэмэгдэхээр байна. Өнөөгийн байдлаар манай улсын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн экспортод гарахад 15-50 хувийн татвартай байгаа бөгөөд хэлэлцээрийн үр дүнд уг татварыг 0 хувь болгосноор манай улсын үндэсний үйлдвэрлэгчид гадаад зах зээл дээрх өрсөлдөх чадвар дор хаяж 15-50 хувиар нэмэгдэж байна. Мөн үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлохтой холбоотой айлын талын тарифын бус хязгаарлалтуудыг хялбарчилж байгаа тул экспорт илүү нэмэгдэж боломжтой гэж тооцож байна.
Дүгнэлт
Макро эдийн засгийн үзүүлэлтийн хувьд богино хугацаанд ДНБ 0.02% нэмэгдэх, худалдааны нөхцөлийг 0.07% сайжруулах ба хөрөнгө оруулалтыг 2.57% өсөхөөр байна. Хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөгөөр уг хэлэлцээрийн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө цаашид дунд, урт хугацаанд нэмэгдэнэ. Хэлэлцээрийн үр дүнд манай улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх өрсөлдөх чадвар сайжирснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэх, улмаар боловсруулах үйлдвэрлэл хөгжих суурь бэхэжнэ.
✓ Гаалийн татвараас чөлөөлөгдөх барааны тоо, төрөл
Талууд БТКУС 6 оронтой кодоор харилцан ижил тооны буюу 375 төрлийн барааг татвараас чөлөөлөхөөр тохирсон. Үүнийг Монголын үндэсний барааны 8 оронтой код руу хөрвүүлэхэд Монгол Улсаас экспортлох 633 нэр төрлийн бараа, ЕАЭЗХ-оос Монгол Улс руу импортлох 511 нэр төрлийн бараа татварын чөлөөлөлтөд хамрагдахаар байна. Худалдааны статистикийн мэдээлэл харвал 2023 оны байдлаар Монгол Улсаас ОХУ руу 8 оронтой 494 нэр төрлийн бараа экспортлогдож, ОХУ-аас 8 оронтой 1746 нэр төрлийн бараа импортолсон байдаг. Монгол Улсаас ОХУ руу экспорт хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүд гаалийн татварт нэг жилд дунджаар 16.6 сая ам.долларын гаалийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр байна. Энэхүү тооцоолол нь зөвхөн 2023 онд экспорт хийсэн ААН-үүдийн мэдээлэлд үндэслэн гаргасан тооцоолол бөгөөд нийт экспорт өссөн
тохиолдолд татварын чөлөөлөлтийн хэмжээ мөн дагаад өсөхөөр байна.
✓ Хүнсний хувьсгал, Атрын 4-р аян, Цагаан алт болон Шинэ хоршоо зэрэг хөтөлбөрүүдтэй уялдах байдал
Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд дотоодын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангах, Цагаан алт хөтөлбөр, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилгоор хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөр, хөдөлгөөнүүд хэдийгээр газар, тариалан, мал аж ахуйн салбарт өөр тусдаа арга хэмжээг хэрэгжүүлэхээр туссан боловч эцсийн зорилго нь тариаланчид болон малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх Монгол Улсын ХАА-н салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой байна. Тус хөтөлбөрүүд хэрэгжсэнээр ХАА салбарын бааз суурь тэлэх хэдий ч дотоодын зах зээлээр хязгаарлагдмал энэ нөхцөлд тогтвортой өсөлтийг бие болгоход экспортын шинэ зах зээлийг нээх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Энэ утгаараа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан тохиолдолд Монгол Улсын уул уурхайн бус экспорт тэр дундаа мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломж бүрдэхээр байна. Тэр дундаа ОХУ-тай хиллэдэг аймгууд МАА гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг тээврийн зардал багатайгаар экспортод гаргах боломж бүрдэнэ. Ингэснээр нийт малчин өрхүүдийн орлогыг өсгөх бодит дэмжлэг болно гэж үзэж байна.
✓ Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг хөдөлгөөнтэй ЧХХ-н нийцэл
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын дагуу ХХААХҮЯ зүгээс импортын барааны гаалийн тарифыг үе шаттай нэмэгдүүлэх нийт 63 төрлийн бүтээгдэхүүний талаар УИХ-н тогтоолын төсөлд санал авахаар тус яаманд саналаа ирүүлж байсан. /Энэ тогтоол нь албажиж батлагдаагүй/ Тус тогтоолд нийт 63 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байснаас ЧХХ-ний хэлэлцээрийн төслийн ОХУ-аас МУ руу гаалийн татваргүй экспортлохбүтээгдэхүүний жагсаалтад туссан дараах 16 нэр төрлийн бараа давхцаж байна.
Үүнд:
- 1.Улаан буудай,
- 2.Тэжээлийн ургамал,
- 3. Хүнсний ногоо,
- 4.Төмс,
- 5.Жимс, жимсгэнэ,
- 6.Гахайн мах,
- 7.Тахианы мах,
- 8.Сүү, хуурай сүү,
- 9.Хүнсний давс,
- 10.Ургамлын тос,
- 11.Элсэн чихэр,
- 12.Өндөг,
- 13.Гурилан бүтээгдэхүүн,
- 14.Чихрийн манжин,
- 15.Цөцгийн тос,
- 16. Зөгийн бал зэрэг болно.
Дээр дурдагдсан бараанаас зөвхөн улаан буудай, хуурай сүү, өндөг болон малын тэжээл зэрэг бүтээгдэхүүн дээр ХХААХҮЯ-наас хэлэлцээрийн төслөөс хасах хүсэлтэй талаар санал ирүүлсэн болно.
ХХААХҮЯ-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЕАЭЗХ-той хэлэлцээ хийх явцад удаа дараа уламжилсан боловч барааны жагсаалтаасаа хасах боломжгүй талаар тайлбарлаж хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн болно. Харин Монгол Улсаас ОХУ руу гаалийн татваргүй экспортлох боломжтой 633 бүтээгдэхүүний 19 нэр төрлийн бүтээгдэхүүн нь Хүнсний хувьсгал хөдөлгөөнд
туссан бараа бүтээгдэхүүнтэй давхцаж байна. Тухайлбал: 1.Зөгийн бал, 2.Төмс, 3. Байцаа, 4.Лууван, манжин, 5. Бяслаг, сүүн бүтээгдэхүүн, 6. Хөлдөөсөн ногоо, 7.Хатаасан хүнсний ногоо, 8.Тос, малын өөх, 9.Чацаргана, шинэ, 10. Чацаргана, хөлдөөсөн, 11.Арвай, хүнсний, 12.Рапс эсвэл шаармагийн тос, 13.Рапсын тос болон тэдгээрийн фракцууд, 14.Жимсний чанамал, 15.Мах, махан бүтээгдэхүүн 16.Гоймон, гурилан бүтээгдэхүүн, 17.Чихэртэй ус, ундаа, 18. Саахар, амт, үнэр оруулагчтай ус ундаа, шүүс 19. Иоджуулсан давс зэрэг болно. Үүнээс гадна Цагаан алт хөдөлгөөнд туссан малын гаралтай бүхий л түүхий эд нь ЧХХ-н хэлэлцээрийн төслийн ОХУ руу татваргүй экспортлох барааны
жагсаалттай бүрэн нийцэж байгаа болно. ХХААХҮЯ-аас ирүүлсэн жагсаалтаас хасуулах саналтай барааны талаар:
Өндөг: Гаалийн татвар 15%. Тус тогтоолд өндөгний хэрэгцээний 52 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж байгаа ба дотоодод үйлдвэрлэсэн өндөгний хангамжийг нэмэгдүүлж 2027 онд 80 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Энэ зорилгын хүрээнд Тахианы аж ахуйг дэмжин хөгжүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, татвар төлөх хугацааг хойшлуулах замаар татварын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, тарифын зохицуулалт хийх арга хэмжээ өндөгний хувьд тус тогтоолд тусгагдаагүй тул саналыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, тарифын зохицуулалт хийх арга хэмжээ өндөгний хувьд тус тогтоолд тусгагдаагүй байна.
Хуурай сүү: Гаалийн татвар нь 5%, Монгол Улсын хуурай сүүний импортын дүн, тоо хэмжээг гаалийн статистик (1кг хуурай сүү=10л шингэн сүү болгон үйлдвэрлэдэг)-аас харвал 2020 онд 12.6сая.$, 3.8мян.тн, 2021 онд 14.9сая.$, 4.0мян.тн, 2022 онд 19.4сая.$, 4.3мян.тн, 2023 онд 18.8сая.$, 5.0мян.тн-ийг тус тус импортоор нийлүүлсэн. Монгол Улсын шингэн сүүний нөөц 1 тэрбум литр гэж салбарын яам нь тооцоолдог ба 2021 оны судалгаагаар 152.5сая литр буюу нөөцийн ашиглалт 15.2% байна. Экспортын шаардлага хангасан олон төрлийн сүүн бүтээгдэхүүн хөгжүүлэх хэрэгцээтэй байна. Салбарын яамны тооцооллоор хүн амын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 59.2%-ийг дотоодоосоо хангасан байна. Хүн амын тал нь УБ хотод төвлөрсөн, хөдөө орон нутгаас жилийн 4 улиралд сүү, тараг, цагаан идээ тасралтгүй нийлүүлэх боломжгүй учир хямд үнэтэй, чанартай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх шаардлагатай байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд жилд 200.0 сая литр сүү үйлдвэрлэж байгааг 2026 он гэхэд 400.0 сая литр сүү үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Энэ нь Монгол Улсын нийт хэрэгцээний 40 хувийг хангахаар байна. Мөн 2027 он гэхэд сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 5.0 мянган толгой үхэр импортолж, экспортыг дэмжиж, хоногт 20.0 мянган литр шингэн сүүг боловсруулж хуурай сүү боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх зохицуулалт тусгагдсан байна. Эндээс дүгнэхэд сүүний дотоодын хэрэгцээг 2026 он хүртэл бүрэн хангах боломжгүй импортын бүтээгдэхүүн авах зайлшгүй шаардлагатай байна.
Улаанбуудай: Гаалийн татвар 5%, Монгол Улс 2023 онд 443.4мянган тонн улаанбуудайн ургац хураан авсан бол нийт улаанбуудай хэрэгцээний 14% буюу 41.7 мянган тонн импортоор авсан байна. Хүнсний хувьсгал тогтоолын хүрээнд 2026 онд улаан буудайн 4 аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна. Байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдах тохиолдолд улаан буудай хэрэгцээтэй бараа юм.
Малын тэжээл: Гаалийн татвар 5%, Монгол Улс 2023 онд 78.4мянган тонн малын тэжээл үйлдвэрлэж 56%-ийг дотоодоос нийлүүлсэн бол хэрэгцээт малын тэжээлийнхээ 44% буюу 59.0 мянган тонн импортоор авсан байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 2026 онд дотоодын хэрэгцээт тэжээлийн хангамжийг бүрэн хангах 1.9 сая.тн хүргэх зорилт тавьсан байна. Малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг зэрэг Хүнсний тухай хуульд заасан стратегийн хүнсийг импортлох тоо, хэмжээний хязгаарлалтыг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар импортлох тоо хэмжээнд квот тавьдаг бүтээгдэхүүн тул татварыг тэглэх болон бууруулах нь үр нөлөө үзүүлэхгүй.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг тавьсан ба энэхүү хэлэлцээр нь тус зорилтыг хангах, экспортын зах зээлийг тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
✓ Чөлөөт худалдааны хэлэлцээрийн өмнө хийгдсэн судалгааны талаар
/ГХЯ-ны захиалгаар хийгдсэн судалгаа/ Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үр ашгийн судалгааг анх 2020 оны 9 дүгээр сарын 15-ны
өдрөөс хийж эхэлсэн. Хамтарсан судалгааны хурлыг 5 удаа зохион байгуулсан бөгөөд Монголын талаас судалгааг ахалсан Гадаад харилцааны яам чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь эдийн засгийн хувьд алдагдалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн тул хэлэлцээрийг зогсоосон байдаг. Тухайн үед хийсэн судалгаа нь худалдаанд эргэлдэж байгаа бүх импорт экспортын барааг гаалийн татваргүй болгохоор төсөөлж хийгдсэн тул Монгол улсад ашиггүй гарсан байдаг. Шинээр хийсэн судалгаанд Монголын хөдөө аж ахуйн цөөн төрлийн барааг экспортод гаргана гэж тооцоолж үзэхэд импорт
экспорт болон ерөнхий эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх тооцоолол гарсан болно. Түүнчлэн энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс 511 бүтээгдэхүүний гаалийн татвар 5 хувийг чөлөөлөх бол ОХУ болон ЕАЭЗХ-ны зүгээс 633 бүтээгдэхүүний 15-50 хувийн гаалийн татварыг чөлөөлөх тул эдийн засгийн утгаараа Монгол улсад харьцангуй ашигтай хэлцэл болох юм.
✓ Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, ХАА салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгааны талаар:
Монгол Улсад 1990 оноос 2024 оны III дугаар улирал хүртэл нийт 47.01 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс 74 хувь нь уул уурхайн олборлолт, 10 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт хийгдсэн бол бусад салбарууд нийлээд 16 хувийг эзэлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байгааг харуулж
байна. Манай улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, нэг салбараас хэтэрхий их хамааралтай байх нь эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Иймд эдийн засгийг төрөлжүүлж бусад салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Монгол Улс хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр хийсэн олон улсын гэрээ, хэлэлцээрт оролцдог ч хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт үр дүнтэй хэрэгжих тал дээр дутагдалтай байдаг. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, экспортлоход илүү төвлөрч байсан ч хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах дорвитой арга хэмжээ авч байгаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд зөвхөн хөрөнгө оруулахаас гадна бидэнд байгаа хөдөө аж ахуй, мал аж ахуйн нөөцийг ашиглан боловсруулж, үйлдвэрлээд, буцаагаад экспортлох боломжтой. Манай улсын хүн ам цөөн 3.5 сая орчим, дотоодын зах зээл хязгаарлагдмал, жижиг байдаг тул хөрөнгө оруулагчид хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дотоодод худалдах бус, харин өндөр үнэ хүрэх экспортын бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд гаргах замаар хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. Гэвч манай хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд нэвтрэхэд тарифын болон тарифын бус саад тотгор тулгарсаар байна. Үүний улмаас олон улсын зах зээлд манай бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгдэхгүй, өрсөлдөх чадвар дээшлэхгүй байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид энэ салбарыг сонирхохгүй байх шалтгаан болж байна. Монгол Улсын өөрийн зах зээл харьцангуй жижиг боловч газар зүйн байршлын хувьд дэлхийн 2 том зах зээл болох БНХАУ, ОХУ-тай хөрш, мөн Япон, БНСУ зэрэг томоохон зах зээлүүдэд ойр гэдгээрээ стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Төрийн зүгээс хувийн хэвшлийг гадаад зах зээл рүү худалдаа хийх бололцоог нээх, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах нь чухал. БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлүүлэх тухай хэлэлцээрүүдийг амжилттай байгуулсан тохиолдолд хөрөнгө оруулагч нарыг татаж, Монгол Улсын иргэн, ААН-үүдийн орлого, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэхэд томоохон түлхэц болно гэж харж байна. Хөрөнгө оруулалт болон худалдаа нь хоорондоо салшгүй хамааралтай байдаг. Иймд гадаад худалдааны таатай орчныг бий болгож, Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зардлыг бууруулах замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой юм.
✓ Өмнөх чөлөөт худалдааны хэлэлцээр дээр гарсан алдаа, авсан сургамж (Монгол-Японы ЭЗТХ)
Манай улсын хувьд Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цорын ганц бөгөөд анхны худалдааны хэлэлцээр юм. Тус хэлэлцээрийн тарифын үүрэг амлалт бүхий барааны жагсаалт болон гарал үүслийн дүрмийн нөхцөл, татварын хөнгөлөлт эдлүүлэх үе шат зэрэг хоёр талын хэлэлцээрээр тохиролцсон зарчмын нөхцөлүүд нь хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хүндрэл учруулж буй талтай. Нөгөө талаас хэлэлцээрийг дэд хороонуудыг идэвхт ажиллагаа дутмаг, барааны жагсаалтаа шинэчлэхгүй байх зэрэг асуудлууд нь хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад учруулж байна.
Тухайлбал,
✓ Хэдийгээр Монгол Улс 9300 нэр төрлийн бараанд хөнгөлөлт эдлэхээр тохирсон хэдий ч экспортлох боломжтой бараа болох эсгий гутал, шаахайг барааны жагсаалтад оруулаагүй. Тухайлбал 6405.90 код бүхий бусад төрлийн гутал ангилалд эсгий гутал, углааш, шаахай ороогүй учир гаалийн
тарифын хөнгөлөлт эдэлж чадаагүй.
✓ Хэлцэл хийх арга барил, ангилал ( modality ) тоо бага байлгах; Японы хэлэлцээрт 12 үсгэн тэмдэглэгээтэй буюу А, B3, B5, B7, B10, B10*, B15, B20, R, X, P, Q болно. Тухайлбал R үсгэн тэмдэглэгээтэй “Дахин хэлэлцэнэ” 32 барааны нэр төрлийн талаар дахин хэлэлцсэн эсэх талаар эргэх холбоо, тайлан байхгүй.
✓ Жагсаалтад орсон барааны нэр төрлийг олон нийт, бизнес эрхлэгч сурталчлан таниулах, Хэлэлцээр байгуулагдсаны дараах 2016-2023 оны гадаад худалдааны статистик харвал нийт кодын 10% буюу 747 бараа үндэсний кодоор Япон улс руу экспорт хийсэн байна.
✓ Тарифын хөнгөлөлт эдлэхэд барааны гарал үүслийг тодорхойлох явцыг барааны Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт барааны гарал үүслийг тодорхойлох дүрмийн хувьд хатуу байдлаар тохирсон. Түүнээс гадна, зохих гарал үүсэлтэй барааны дүрэмд заасан “тусгай дүрэм” нь жижиг, дунд үйлдвэрлэгч, экспортлогчид барааны гарал үүслийг тогтоох шалгуурыг хангахын тулд техникийн мэдлэгийг шаарддаг тул ашиглаж чаддаггүй. Ер нь манай улсын хувьд гарал үүслийн дүрмийг аль болох уян хатан, гадаад контентын (агууламж) эзлэх хувь өндөр байж болохоор тогтоох нь илүү ашигтай.
✓ Дэлхийн гаалийн байгууллагаас 5 жил тутамд БТКУС кодод нэмэлт өөрчлөлт оруулдаг учир тухайн үед хэлэлцээрийн барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах (2022 оны Дэлхийн гаалийн байгууллагын барааны ангиллын өөрчлөлтөөр HS6 орон бүхий 351 бараанд өөрчлөлт орсон)
✓ ЕАЭЗХ-той байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай олон нийтэд хийсэн хэлэлцүүлэг, яамдаас ирүүлсэн санал талаар ЭЗХЯ-ны зүгээс 2023-12-13 болон 2024-05-09-ны өдрүүдэд 2 удаа төр, хувийн хэвшлийн нийт 150 гаруй төлөөлөгчдийг хамруулсан олон нийтийн хэлэлцүүлгийг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж, олон нийт, ААН-үүдээс санал авсан. Тухайлбал, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо желатин барааг экспортлох барааны жагсаалтад оруулах, хөдөлмөр хамгааллын арьсан бээлий болон гутал хамгаалах барааны жагсаалтад оруулах санал ирүүлсэн. Монголын ноос ноолуурын холбоо ОХУ-д экспортлох бараанд тулгардаг саад бэрхшээлийн талаар тодорхой дурдсан. Мөн Монголын махны холбоо экспортлох барааны саналаа МҮХАҮТ-д албан бичгээр хүргүүлсэн саналыг тусгасан. Мөн, АПУ ХК-иас шингэн хүнсний бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ руу экспортлох барааны жагсаалтад оруулах санал ирүүлснийг төсөлд тусгасан. Түүнчлэн хэлэлцээрийн явцад МҮХАҮТ, ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, барааны жагсаалтын талаар санал солилцсон. ЭЗХЯ-ны зүгээс 2023-10-20-ны 03/1978 дугаартай албан бичгээр ХХААХҮЯ болон МҮХАҮТ-аас барааны жагсаалтад санал авсан. ХХААХҮЯ-ны 2023-11-13-ны 01/3970 дугаартай албан бичиг, МҮХАҮТ-ийн 2023-11-29-ны 01/1124 тоот албан бичгээр ирүүлсэн саналуудыг хэлэлцээрийн төсөлд тусган ажилласан болно. Мөн явцын хэлэлцээрүүд хийгдсэн тухай бүр хэлэлцээрийн явц байдлын талаар Засгийн газрын хуралд хэлэлцээрийн явж байдлыг танилцууланажилласан.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ
BWER leads the way in weighbridge technology in Iraq, delivering customized weighing solutions that are accurate, efficient, and ideal for heavy-duty use in any environment.