
Өдөр бүр дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн төмс хэрэглэдэг. Төмс нь олон тивийн хүн амын үндсэн хүнсний нэг бөгөөд шарж, чанаж, нухаш болгон боловсруулахын зэрэгцээ төрөл бүрийн хоолонд өргөн ашиглагддаг. Мөн гурил, цардуул, ундаа зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна байгальд задрах хуванцар орлуулагч материал хийхэд ч ашиглах боломжтой олон талын ач холбогдолтой таримал юм.
Сахарын цөлийн өмнөд Африкт өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал өнөөдөр ч ноцтой асуудал хэвээр байна. Энэ бүс нутагт 33 сая орчим жижиг тариаланч төмс зэрэг таримал ургамлаас хүнс, орлогоо бүрдүүлдэг бөгөөд тэд Африк тивийн нийт хүнсний үйлдвэрлэлийн ойролцоогоор 70 хувийг, ихэвчлэн нэг га хүрэхгүй талбайд үйлдвэрлэж байна.
Нөхцөл байдлын ноцтойг 2026 оны Дэлхийн хүнсний хямралын тайлан харуулжээ. Уг тайланд дурдсанаар 2025 онд дэлхийн 47 улсын 266 сая хүн хүнсний хурц хомсдолд өртсөнөөс 87 сая гаруй нь Африк тивд амьдарч байна. Мөн 35.5 сая хүүхэд хурц хэлбэрийн хоол тэжээлийн дутагдалд нэрвэгджээ.
Ийм нөхцөлд шим тэжээлээр баялаг, уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй тэсвэртэй, дотооддоо үйлдвэрлэх боломжтой төмс зэрэг хүнсний таримлын үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь улам бүр чухал ач холбогдолтой болж байна.
Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) “Нэг улс – Нэг тэргүүлэх бүтээгдэхүүн” (One Country One Priority Product, OCOP) санаачилгын хүрээнд улс орнуудыг өөрсдийн онцлог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ сонгон хөгжүүлж, үрийн аж ахуйгаас эхлээд худалдаа хүртэлх бүх өртгийн сүлжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Одоогоор FAO-гийн дөрвөн гишүүн улс төмсийг үндэсний тэргүүлэх бүтээгдэхүүнээрээ сонгосны гурав нь Африкийн Ботсвана, Эритрей, Лесото улс бөгөөд дөрөв дэх нь төмсний уугуул нутаг болох Андын нурууны бүсэд орших Перу юм. Перугийн ард түмэн төмсийг найман мянга гаруй жилийн турш хүнсэндээ хэрэглэсээр иржээ.
Энэхүү хамтын зорилгын хүрээнд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа бөгөөд FAO тогтвортой төмсний салбарыг хөгжүүлэх зорилгоор Лесото болон Перу улсын хооронд Өмнөд–Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Африк тивийн хувьд төмс нь өргөн хүрээнд тариалах боломжтой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, шим тэжээлээр баялаг таримал юм. 2019–2023 оны хооронд тус тивийн төмсний үйлдвэрлэл 20 хувиар өссөн ч энэхүү ахиц одоо шинэ сорилтуудтай нүүр тулж байна. Уур амьсгалын эрс тэс үзэгдэл, хортон шавж, ургамлын өвчин, өртгийн сүлжээний хөгжил сул байгаа нь салбарын өсөлтийг сааруулж эхэлжээ.
Ялангуяа Зүүн болон Өмнөд Африкт төмсний цист нематод зэрэг халдварт хортон, бактерийн гаралтай өвчин эрчимтэй тархаж байгаа нь үйлдвэрлэлд ноцтой эрсдэл учруулж байна. Иймээс өмнө олсон амжилтаа хадгалахын тулд улс орнууд хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлж, үйлдвэрлэлээс эхлээд нийлүүлэлтийн бүх сүлжээнд уялдаа холбоотой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, жижиг хэмжээний тариаланчдад онцгойлон дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн инновацыг нэвтрүүлэх нь салбарын тогтвортой хөгжил, эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл гэж үзэж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон түнш байгууллагууд Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт ба худалдааны хөгжлийн сангийн (STDF) дэмжлэгтэйгээр Бурунди, Этиоп, Кени, Лесото, Малави, Мозамбик, Руанда, Өмнөд Судан, Уганда, Танзани, Замби, Зимбабве зэрэг 12 улстай хамтран ургамлын хорио цээрийн хяналт, оношилгоо, хяналтын тогтолцоог сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
Иймээс нутгийн болон уламжлалт төмсний сортуудыг хадгалж хамгаалах ажлыг FAO-гийн Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийн комисс тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Тус комисс олон улсын түншүүдтэй хамтран эдгээр үнэт генетик нөөцийг хамгаалж, судалгаа шинжилгээ, шинэ сорт гарган авах ажил болон тогтвортой хөдөө аж ахуйн хөгжилд ашиглах боломжийг хадгалан үлдэхийг зорьж байна. Мөн Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээний хүрээнд хэрэгждэг үр өгөөжийг хуваалцах сангаар дамжуулан тариаланчид болон ургамал үржүүлэгчдийн чадавхыг бэхжүүлж, нийгэм, байгаль орчны ялгаатай нөхцөлд тохирсон өндөр чанартай шинэ сортуудыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг.
Гэхдээ зөвхөн генетикийн олон янз байдлыг хадгалах нь хангалтгүй. Хурдтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицоход инноваци ч мөн чухал үүрэгтэй.
Биотехнологи, генийн засвар зэрэг орчин үеийн шийдлүүдийг ашигласнаар ган, халуун, хүйтэн, хортон шавж, өвчинд илүү тэсвэртэй төмсний шинэ сортуудыг бий болгож, тэр дундаа жижиг тариаланчдын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой юм. Хамгаалалт, инноваци, хамтын ажиллагааг хослуулснаар дэлхийн хамгийн чухал хүнсний таримлын нэг болох төмсний бүрэн боломжийг нээх нөхцөл бүрдэх юм.
Жил бүрийн тавдугаар сарын 30-нд тэмдэглэдэг Олон улсын төмсний өдөр нь энэхүү таримлын бүрэн ашиглагдаагүй нөөц боломжийг дэлхий нийтэд сануулж, засгийн газар, эрдэмтэн судлаачид, тариаланчид болон хэрэглэгчдийг хамтран ажиллахыг уриалдаг. Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, жижиг тариаланчдыг дэмжин, инновацыг өргөн нэвтрүүлснээр төмс нь Африк тивийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахаас гадна сая сая тариаланчийн амьжиргааг тогтвортой авч явах чухал тулгуур хэвээр байх юм.
Төмс ургасан газар амьжиргаа цэцэглэдэг.
Эх сурвалж: https://www.fao.org/
