Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хамтран Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнийг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь нийт 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын /МСҮТ/ салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл арга хэмжээ юм.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Европын Холбоо Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг түлхэх гол түншээ гэж үздэг. Бид ардчилалд суурилсан үнэ цэнд хөтөлсөн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдгийг хамтдаа харуулж байна. Европ, Монгол төдийгүй дэлхий хооронд харилцан хамаарал бүхий биш харин бат бөх, тогтвортой хамтын ажиллагаа бий болгохыг хүсэх болов. Хойч үедээ бид шинэ, илүү тогтвортой, ногоон ирээдүйг үлдээх учиртай” хэмээн онцолсоны зэрэгцээ тус зөвлөгөөнөөс гарах үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнг “Түншлэл-Хариуцлагатай хэрэгжүүлэлт-Үр нөлөө” хэмээн тодорхойлж байгаагаа хэллээ.
Дээд түвшний зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ой модыг нөхөн сэргээх, ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хот суурин газруудын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулах, цаашлаад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор орон даяар хэрэгжиж буйг онцлоод тус хөдөлгөөн нь 2022-2024 буюу нэгдүгээр шат, 2025-2027 он буюу хоёрдугаар шат, 2028-2030 он буюу гуравдугаар шат гэсэн үечлэлээр ажил хэрэг болно хэмээв. Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж одоогийн байдлаар дотоодын 320 албан байгууллага, аж ахуй нэгж хамтран ажиллаж байгаа ба Ерөнхийлөгчийн гаднын улсад хийсэн болон манай улсад хийсэн айлчлалуудын хүрээнд энэ чиглэлээр гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн. Хамгийн сүүлд гэхэд төрийн тэргүүний БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хамтарсан судалгааны төв байгуулах, техникийн нөхцөлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон. Өнгөрсөн хугацааны ололт амжилтаас дурдвал, 12 сая мод тарьж, бүртгэлжүүллээ. Мөн үрийн нөөцийн бүрдүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 4.5 дахин ихээр нэмэгдүүлсэн” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний явцын талаарх танилцуулгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг бодитоор хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, УИХ-ын түр хорооны 02 дугаар тогтоолыг батлуулсан. Тус 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай ба улсын төсвөөс 48 хувь, гадаадын зээл тусламжаар 34 хувь, зээлийн батлан даалтын сангаас 10 гаруй хувийг нь санхүүжүүлэхээр ажиллаж байна. Энэ онд хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, судалгаа шинжилгээний нийт 70 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 521 тэрбум төгрөг шаардагдахаас нийт 222.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгасан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар нь энэхүү тогтоолуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой, оновчтой болгох зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахад үргэлжид нээлттэй байх болно” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан илтгэлийнхээ эхэнд “Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь хоорондоо ихээхэн уялдаа холбоотой болохыг онцолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд илүүтэй анхаарч ирсэн. Иймд одоо өвчлөлийн шалтгаанийг бий болгож буй хүчин зүйлсийг арилгахад анхаарч байна. Ингэхдээ нэгдүгээрт, эрүүл орчин, нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ, хоёрдугаарт эрүүл хүнсээр ард иргэдээ хэрхэн хангах вэ, гуравдугаарт зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшлийг хэрхэн нөхцөлдүүлэх вэ, дөрөвдүгээрт ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг хэрхэн үе шаттайгаар олгох вэ гэдэг дээр фокуслаж буй. Манай улсын иргэдийн дундах өвчлөлийн үзүүлэлтийг харахад жилээс жилд өсөх хандлагатай байна. Нийт иргэдийн 3.9 хувь нь эрүүл аж төрөх нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх явдлыг бууруулах хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөх тухай захирамж гаргасан. Тодорхой хуульд өөрчлөлт орж нийгэм, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийлээ. Цаашдаа бид эрүүл орчныг бүрдүүлэх, хөрсийг эрүүлжих, цэвэр усаар хүн амаа хангах, чихэрлэг хүнс, тэр дундаа чихэрлэг ундаанаас татгалзахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн дасгал хөдөлгөөн, эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар эрүүл чийрэг нэг үеийг төрүүлэх хэрэгтэй байна. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоог бий болгосноор хойч үе маань эрүүл үндэстэн болох нөхцөл бүрдэнэ” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга Д.Билгүүдэй “Европын холбоо хөдөө аж ахуй, байгаль орчин, мэргэжлийн боловсрол гэсэн бие биетэйгээ ихээхэн уялдаатай салбаруудыг тэргүүлэх чиглэлээ болгож, төсөл хэрэгжүүлэх нь гэж харж байна. “Тэрбум мод” хөтөлбөр буюу дээрх салбаруудад ойрын жилүүдэд дунджаар 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай гэсэн судалгааг Ойн газраас гаргасан. Магадгүй 200 нь инженер, үлдсэн хувь нь мэргэжлийн ажилтан байх бололцоотой. Өнөөгийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Завхан, Хэнтий зэрэг аймагт ХАА-н чиглэлийн МСҮТ-үүд суралцагчдыг хүлээж авдаг. Одоо хэрэгжих төслийн хүрээнд суурь судалгаагаа боловсруулж, улмаар сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт нийцсэн байдлаар гаргаж ирэх юм. Цаашлаад салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй бодлогын шинэ зорилт бол мэргэжлийн болон хөтөлбөрийн шаталсан системийг бий болгох тал дээр анхаарч ажиллана. Тэр үүднээсээ ХААИС болон МСҮТ хоорондын хөтөлбөрийн уялдаа холбоог хангах ажлыг энэ жил эрчимжүүлэх юм. Тухайлбал, ХААИС-ийн багш МСҮТ-д очиж онолын мэдлэг олгох сургалт явуулдаг бол МСҮТ-ийн дадлагын баазыг ашиглаж ХААИС-ийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаа явуулдаг байдлаар өөр хоорондын уялдаа холбоог хангах ажлыг хийнэ. Ирэх он жилүүдэд энэхүү салбарт мэргэжлийн ажиллах хүчин олноор шаардагдана. Манай яам мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиг үүргийнхээ дагуу шаардлагатай боловсон хүчнийг сургаж, хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлэх ажлаа 100 хувь хэрэгжүүлээд явна. Тэр хүрээнд авч үзвэл, өнөөдрийн яригдаж буй төслүүдийн үүрэг ихээхэн нөлөөтэй байхаар байна” гэв.
Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйзээс тогтвортой ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд манай талаас ямар ажлуудыг хангаж ажиллахыг хүсэж байгааг тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын дунд болон урт хугацааны бодлого зорилтыг бид дэмжиж ажиллах болно. Монгол Улс олон улсын тавцанд аль болох нүүрснээс татгалзах, хүлэмжийн хийг бууруулах амлалт авсан. Гэхдээ Монгол Улс нэг өдөр л нараар, сэргээгдэх эрчим хүчээр, салхиар, усаар эрчим хүчээ хангадаг болно гэж байхгүй. Энэ бол шилжилтийн явц. Энэхүү шилжилтийн явцыг бид дэмжих болно. Ногоон тогтвортой хөгжлийн бодлого зорилтыг дэмжиж ажиллахад бэлэн” гэлээ.