Хүнсний хувьсгалын хүрээнд “Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих” сургалт, хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр:
- Худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны талаарх мэдээлэл
- Худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, анхаарах асуудал мэдээлэл
- Ерөнхий гэрээ, цахим дэлгүүрийн танилцуулга, мэдээлэл сэдвээр танилцууллаа.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Төрийн тэргүүний санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн “Хүнсний хувьсгал” болон эрчимтэй өргөжиж буй энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид төрийн байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэр, цаг үеийн мэдээллийг шуурхай хүлээн авч, төр засагтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Ерөнхийлөгчийн тамгын газар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний бодлого арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудаас үйлдвэрлэгчид рүү чиглэсэн сургалт олгох, уулзалт хэлэлцүүлэгийг үе шаттай зохион байгуулах ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн. Өнөөдрийн сургалт-хэлэлцүүлэгээр төрийн байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой дотоодын үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчид /захиалагч, нийлүүлэгч/ худалдан авах ажиллагаанд оролцоход анхаарах ёстой асуудлын талаар мэдээлэл өгч, хоёр тал хоорондоо уялдаа холбоотой ажиллах юм” гэлээ.
“Эко-Эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мишээл: “Манай байгууллага зэрлэг жимсийг бүтээгдэхүүн болгон боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хүнсний хувьсгалын хүрээнд төрийн, төрийн өмчит байгууллагууд дотоодын бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авах зорилттой байна. Иймд үндэсний үйлдвэрлэгчид маань өөрсдийн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллах талаар сургалтуудад хамрагдаад байна.Иргэд дотоодын бүтээгдэхүүнээ гэр, ажил гээд бүхий л газартаа түлхүү хэрэглэн дэмжих хэрэгтэй. Мөн дотоодын үйлдвэрээс худалдан авах баталгаатай барааны жагсаалтыг нэмэх хуулийг сайжруулснаар бидэнд давуу тал бий болно. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл хөгжих, тэлэх тулгуур нь болж байгаа юм. Мөн нэн тулгамдаж буй асуудал бол импортын барааны эзлэх хувь маш өндөр байна. Энэ тал дээр төрөөс ажиллах шаардлагатай.Түүнчлэн иргэд дотоодын бүтээгдэхүүнээ гэр, ажил гээд бүхий л газартаа түлхүү хэрэглэн дэмжих хэрэгтэй. Төр зөвхөн сургалтаар жижиг дунд үйлдвэрлэлээ чадавхжуулахаас гадна бодитой шийдэл, шийдвэр гаргах хэрэгцээ үүсээд байна. Нөгөө талд урт хугацааны бага хүүтэй зээл санал болгож байгаа нь аж ахуйн нэгжид сайнаар тусаж байна” гэлээ.
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б. Давайдалай: “Аж ахуй, бизнес эрхлэгчдийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих систем, эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар төрийн худалдан авалтад шаардлага хангасан хүнсний салбарын 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг журамласан байдаг. Бараа бүтээгдэхүүний төрлийг нэмж төрийн системд оруулж шийдэх боломжтой. Нөгөө талдаа хувийн хэвшил төрийн худалдан авалтын тендерт ороход татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр асуудалгүй байх зэрэг шалгууруудад эхний ээлжинд анхаарах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар эх оронч худалдан авалт буюу төрийн худалдан авалтыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг жишээ нь хүнсний салбарыг сайжруулах ажил юм. Цаашид хүнд суртал, тендерийн сонгон шалгаруулалт зэрэг асуудал дээр ихээхэн анхаарч ажиллана. Хамгийн гол нь төр, хувийн хэвшлүүд ойлголцох шаардлагатай байна” гэв.
Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ)-аас мэдээлж буйгаар, төрийн худалдан авалтад өнгөрсөн онд 10.1 их наяд төгрөгийн тендер зарлажээ. Үүний санхүүжүүлэх дүн нь 3 орчим их наяд төгрөг гарч байв. ЕБС-ийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт гэхэд өнгөрсөн жил давхардсан тоогоор 66 тэрбум төгрөгийн тендер зарлаж, хамгийн багадаа жилд 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ. Энэ талаар ТХААГ-ын дарга Ц.Батзул мэдээллээ.
Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 150 гаруй төлөөлөл оролцов.