Хүнсний технологич инженер О.Гал-Очирын itoim.mn-д өгсөн хүнсний талаарх нийтлэг ойлголт, аюулгүй байдлын талаар ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Таны хувьд ТББ ажиллуулж, мөн фэйсбүүк дээр Хүнсний инженер гээд хуудас хөтөлдөг юм байна лээ. Ийнхүү ажлаа олон нийт рүү чиглүүлэх болсон учир юу вэ?
-Манай найзууд хүнсний талаарх мэддэггүй зүйлсээ надаас их асуудаг байсан. Тухайн үедээ дуртай тайлбарлаж өгч, урт удаан яриа өрнүүлдэг байлаа. Сүүлд манай найзууд бичээд үзээч гээд анх исгэгчийн талаар бичсэн нь олон хүнд хүрсэн. Тэгээд фэйсбүүк хуудсаа 2020 оноос хойш хөгжүүлж, хүнсний талаарх бодит мэдээллийг хүргэж эхэлсэн юм. Үйлдвэрлэгч нар манай бүтээгдэхүүн сайн гэж өрсөлдөж, маркетингаа хийдэг болохоос тухайн бүтээгдэхүүн яагаад сайн юм бэ, юу агуулдаг вэ, хэтрүүлбэл яах вэ гэдгийг хэлж өгдөггүй. Тиймээс энэ хоосон орон зайг ажлынхаа хажуугаар чадахаараа л дүүргэе гэж боддог. Хүмүүс ийм мэдээллээр их дутдаг юм байна лээ. Олон нийтийн дунд байдаг хүнсний талаарх буруу ойлголтыг тайлбарлах хэрэгтэй гэж боддог юм. Тухайлбал, бидний хоолны хачир болгож хэрэглэдэг кимчиг аваад үзье.
1990-ээд онд исгэлэн байцаа гээд байцааг сүүн хүчлийн бактериар исгээд хэрэглэдэг байсан. Сүүн хүчлийн бактериар исгэж байгаа учраас сүүний хүчилтэй, байцааны илчлэг нь багассан пробиотик бүтээгдэхүүн. Кимчи гэдэг нь халуун ногоо л хийчихсэн болохоос исгэлэн байцаа шүү дээ. Гэтэл хүмүүс исгэлэн байцааг ходоод гэдсэнд сайн гэж ойлгоод кимчиг нь хортой гэж ойлгоод байгаа юм. Ямар ч юмыг сайн муу гэж ойлгохоос өмнө бодитойгоор ойлгоосой л гэж боддог.
-Яаж хэрэглээнээс л шалтгаалах байх тийм үү. Хэзээ, юутай хольж хэрэглэж байна вэ гэдгээс шалтгаалах байх?
-Кимчи бол пробиотик бүтээгдэхүүн. Пробиотик гэдэг нь бүдүүн гэдсэнд байх ёстой амьд, ашигтай бактериуд. Бүдүүн гэдсэнд ашигтай бактери байснаараа ходоод, нарийн гэдсэнд задраагүй үлдэгдлийн ашигтайг нь задалж, биед шаардлагатай амин дэмийг нийлүүлдэг. Энэ талаараа пробиотик бүтээгдэхүүн хүний биед хэрэгтэй. Ашигтай бактериудын 90 орчим хувь нь сүүн хүчлийн бактерид бий. Кимчиг хийхдээ сүүн хүчлийн бактериар исгэж сүүн хүчил үүсгэдэг. Кимчиг идэхэд исгэлэн амтагдаад байдаг нь сүүн хүчил. Энэ сүүн хүчил ходоодонд, ялангуяа махны өндөр хэрэглээтэй хүнд сайн. Хоолны шингэцийг сайжруулна.
-Тэгвэл кимчиг хүний биед муу гэдэг ойлголт яаж гараад ирэв?
-Ерөөсөө л халуун ногоо. Бидний хэрэглээнд халуун ногоо байгаагүй. Шууд идэхэд ам дарвигануулаад байдаг учир амыг ингэж байгаа юм чинь ходоод гэдсийг яах бол гэж айдаг. Солонгост бол кимчи, исгэлэн бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөл байх нь бий. Тэрхүү өвчлөл нь халуун ногооны эрсдэл биш, давсны хэтрүүлэн хэрэглээ болоод явчихдаг. Кимчиг хийхдээ байцааг нь давсалдаг. Давсалсан учир их хэрэглэвэл давсны хэрэглээ нэмэгдээд зүрх судасны өвчлөл, хавдар болох нь бий. Манайхан бол кимчиг солонгосчууд шиг их хэмжээгээр идэх нь хэр л бол. Харьцангуй бага. Дан ганц давсны хэрэглээ зүрх судасны өвчин үүсгэхгүй, амьдралын хэвшил, дадал, орчны бохирдол нөлөөлнө. Олон хүчин зүйлээс шалтгаална гэсэн үг л дээ.
-Хүмүүст үүнийг л ойлгуулчихвал болох нь тэр гэж хүсдэг зүйл юу вэ?
-Хамгийн гол нь өдөр бүр цагаан идээгээ хэрэглэ. Сүү уу. Ийм их агаарын бохирдолтой, орчны бохирдолтой нөхцөл нь хүний биед сөргөөр нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Өвөл агаарын бохирдолд хордсон бие зун ч өвдөж болно. Тэгэхэд өвөл л зөвхөн агаарын бохирдол гэж ярьчхаад зун нь хүнс муугаас боллоо гэж болохгүй. Үүнээс гадна гэр хороолол маш их нөлөөтэй. 20-30 метр газраар айлууд хамарлаад хашаалчихсан, айл болгоны хашаанд нүхэн жорлон бий. Өөрөөр хэлбэл, бид хорь хорин метрийн зайтай баасаа булж байна. Энэ нь эргээд хөрснөөс шалтгаант өвчнийг үүсгэнэ. Түгжрэл ч бас үүнд нөлөөлнө. Машин болгоноос утаа, шатахууны дутуу шатсан бодис ялгарч буй. Энэ бүхнийг авч үзэхгүйгээр хүнс л бүх өвчлөлд буруутай мэт ойлгож байна. Хүнсний Е гэсэн тоо болгоноос хүмүүс айдаг. Энэ бүхнийг бодитой ойлгох хэрэгтэй. Хүнсийг хэтрүүлэн хэрэглэвэл эрсдэлт хүчин зүйл мөн үү гэвэл мөн. Гэвч цорын ганц хүчин зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хүнсээр дамжуулан биед хэрэгтэй эрдэс бодис, шим тэжээлээ авдаг. Тиймээс сүү уу гэж хэлээд байгаа юм. Бид л өөрсдөө цуглуулж чаддаггүй болохоос зургаан сая орчим үхэртэй улс. Сүүний мөн чанар нь хорт бодисыг шингээх. Будагны хажууд сүү тавьчихвал хурц үнэрийг нь сүү өөртөө шингээчихнэ. Зүгээр байгаа нь л тийм чадалтай. Тийм учраас л ямар ч хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн хорыг саармагжуулахын тулд сүү уулгадаг. Миний хэлэх гээд байгаа санаа бол бид утаагаа дийлдэггүй юм бол, орны бохирдлоо дийлдэггүй юм бол сүү ууж хэвших хэрэгтэй. Үүнийг хүн болгон мэдээсэй. Сүүтэй цай чанаж уух биш дангаар нь ууж хэвших хэрэгтэй шүү.
-Гадуур зарагддаг савлагаатай сүүг хүмүүс органик биш гэж хүлээж авдаг шүү дээ. Савтай сүү ууж болох уу?
-Зүгээр ээ, ялгаа байхгүй. Зундаа бол хотын иргэд хөдөө яваад сүү, цагаан идээндээ ойр байж чаддаг. Харин өвөл нь импортын хуурай сүүг Беларусиас, Малайзаас авахаас өөр аргагүй. Яагаад гэвэл 71 сая малын зургаан сая нь үхэр байдаг мөртлөө Ховд аймгийн нэг уулсын аманд амьдардаг малчны сүүг хотод авчрах боломжгүй. Сүү нь энгийн нэгдэлтэй учир бактери хурдан үрждэг, маш эмзэг. Саагаад л 2-4 цагийн хооронд гашилж, муудна. Ийм байхад Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр байгаа сүүг цуглуулах дэд бүтэц бидэнд алга. Тухайн тухайн бүс нутагт сүү цуглуулчих сүүний үйлдвэр алга. Тиймээс бид хатаамал буюу хуурай сүүг импортлохоос өөр аргагүй.
Хатаамал сүү гэж юу вэ гэдгийг тайлбарлая. Үнээний сүү нь 80 гаруй хувийн ус агуулсан байдаг. Энэ усыг нь ялгачихсан хэлбэрийг хатаамал сүү гээд байгаа юм. Ингэхдээ тоосруулан хатаах гэдэг аргыг ашиглан сүүг хатаамал хэлбэрт шилжүүлдэг. Хатаамал болгосон сүү нь эргээд шингэн сүү болж сэргэх чадвар нь 99 хувь байдаг юм. Үнээний сүүг 100 хувь гэж үзвэл хатаамал сүүг сэргээж савлахад 99 хувийн сүү болж байна гэсэн үг. Тиймээс савтай сүүг уухад ямар ч ялгаагүй, аюулгүй. Хатаамал байна уу, шингэн сүү байна уу хамаагүй. Сүү л ууж байгаарай. Сүүнээс амин дэм авдаг гэх буруу ойлголт бас бий. Амин дэм хүлээх ямар ч шаардлагагүй шүү. Хөдөө үнээ саасан даруйдаа самарч, хөөрүүлдэг. Энэ нь ариутгаж буй хэлбэр. Сүүг ингэж ариутгахгүйгээр хэрэглэдэггүй. Учир нь малаас хүнд дамжих халдварт өвчин халдах эрсдэлтэй.
–Өдөрт хэр хэмжээний сүү уувал зохимжтой вэ, ер нь сүүний хэрэглээ хэтэрнэ гэж байдаг уу?
-Байхгүй дээ. Сүү уугаад гэдэс нь өвддөг, гүйлгэдэг хүн бол лактоз үл тэвчдэг хүмүүс юм. Лактоз гэдэг нь сүүний сахар. Хүний биед лактоз гэх фермент байхгүй, маш бага бол сүүний сахар бие задрахгүй. Биед задрахгүй байгаа бодисыг хүний бие аюултай гэж үзээд хурдан гадагшлуулах чиглэлд л ажиллаж эхэлнэ. Сүү уунгуут гүйлгээд байдаг нь тэр. Одоо бол сүү сонголттой болсон. Лактозгүй сүү үйлдвэрлэдэг болсон байна. Үүнийг ууж хэрэглэх боломжтой. Бидэн шиг орчны бохирдолтой газар амьдардаг хүмүүс сүү болон тараг, ааруул гээд цагаан идээ хэрэглэж л байвал сайн.