Ховд аймгийн Булган сум Улаанбаатар хотоос 1855 км, аймгийн төвөөсөө 385 км алслагдсан. Алтайн салбар уулсаар хүрээлэгдэн оршдог, монголын хамгийн дулаан газрын нэг учраас иргэдийн ихэнх нь ногоо, жимс тариалдаг.
Булган сумын иргэн Б.Очир, гэргий Ц.Дүгэрсүрэн нар төрөл бүрийн алим, чавга, шийгуа тариалахын зэрэгцээ үрслэг хийж, нийслэл болон аймгуудад нийлүүлж байна. Одоогоор 3 төрлийн том алим, бэсрэг алимны 3 төрөл, чавганы 3-4 сорт мойл чацаргана тоор үхрийн нүд зэрэг жимс жимсгэнэ тарьж ургуулж үржүүлжээ.
Ургадаг баялаг бүтээж буй “Бүрэнхайрхан жимс”-ийг үүсгэн байгуулагч Б.Очирын https://eguur.mn/-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Энэ жил хэдэн төрлийн жимс тарьсан бэ?
-Гурван төрлийн алим, чавга тарьлаа. Манай том хүү 15 га газар авч, гурван жилийн өмнөөс тарьж эхэлсэн. Тухайн газар нь шаварлаг хөрстэй учраас хөрс солих, талбай бэлдэх, жимсний модыг нь бэлтгэж өгөх зэргээр хүүгийнхээ талбайд нэлээд цаг зориулж байна. Манай өөрийн талбайгаас яг одоо хар чавганы хураалт хийгдэж байна. Алим ч гараад эхэллээ.
-Бидний идэх дуртай хар чавга мөн үү?
-Тэгэлгүй яахав. Слив буюу энэ чавгыг технологийн дагуу хатаахад хар чавга болно. Чавга дотроо өөр өөр сортынх байдаг. Манайх хоёр сорт тарьдаг.
-Харин алимны төрлийн хувьд…?
-Бэсрэг алим, торниун алим, давжаа алимны төрөл бүрийн сорт бий. Манайх 22 дахь жилдээ жимс тарьж байна. Булган суманд талбай олддоггүй болохоор хоёр га-гаас хэтэрдэггүй. Энэ гурван төрлийн алим, чавгыг хориод жил үрслүүлж, тарьж ургуулж байна даа.
-Таны мэргэжил үү?
-Би ахуйн үйлчилгээнд нимгэн төмөрчин, дараа нь автобаазад цахилгаанчин хийж байлаа. Зах зээлийн нийгэмд шилжэхэд л энэ салбар руу орсон доо. Ер нь бол аав, ээж, авга ахаасаа улбаатай үе дамжсан тариаланч хүмүүс. Хүүхэд байхаасаа цэрэгт явтлаа аавтайгаа хамт ногоо тарьсан. 1974-1975 онд Ховд аймгийн Булган суман дахь “Жимс, ой турших станц”-т ажиллаж байлаа. 1989 оноос хүнсний ногоогоо тарьж эхэлсэн. Хүнсний ногоог олон жил тарьсан ч ямар ч ашиг байдаггүй. Үнэ хямд, төв, суурингаас хол болохоор ногоо тариад амьдрахад хүндрэл байсан. Тэгээд жимс рүү орсон. Жимс миний амьдралд “гавьяатай”. /инээв/ 3-4 оюутантай хэцүү үед 30-40 модоо харж суудаг байлаа. Ингээд хаанаа ч хүрэхгүй болохоор өргөжүүлж эхэлсэн. Хэдэн хүүхдийг минь энэ хэдэн жимсний мод л хоолонд нь хүргэсэн дээ.
-Жилдээ хэдий хэмжээний борлуулалтыг хаана хийдэг вэ?
-Жил бүр янз бүр байдаг. Энэ жил хоёр тонн гаруй алим, чавга гарна. Манай сум аймгаасаа ч, нийслэлээс ч олон зуун км зайтай, алслагдсан газар болохоор тээвэрлэж худалдаалах, эсвэл жимс ногооны худалдаачид ирж авах боломжоор хомс. Талбай дээрээс нь л орон нутгийн маань хүмүүс худалдаад авчихдаг. Манай эндээс долоо хоногт 3-4 удаа шуудан явна, тэрүүгээр хүмүүс ах дүү, найз нөхөд, гэр орынхондоо байнга өгч явуулна. Борлуулалтын гол сүлжээ нь энэ. Цаашдаа өргөжих бодол бий. Тэгвэл зориулалтын тээвэрлэлтийн машин, тоног төхөөрөмж авч, борлуулалт хийх шаардлага үүснэ гэж харж байгаа.
-Ашиг хэр гарахав. Талбай дээрээсээ хэдээр зардаг вэ?
-Орлого боломжийн шүү. Үнийн хувьд ноднин найман мянган төгрөг байсан. Өнөө жил 10 мянга болчихлоо. Одоо чавга, араас нь бэсрэг алим, тэгээд давжаа, торниун алимнууд хураана.
-Ер нь эдгээр жимс монголын нөхцөлд ургаад үр шимээ өгөх боломж хэр байна. Хүн бүрт ийм боломж бий юу?
-Байлгүй яахав. Би Завханы Сантмаргад суманд дээр үед урилгаар очиж тариалалт хийж байлаа. Дараа нь Булганы Дашинчилэнд нэг жил, Сэлэнгэ, Дорнод сумдаар ч сургалт хийж явсан. Идэвхтэй ажиллаж, амьдрах нэлээд хэдэн жилээ энэ мэтээр өнгөрүүлсэн байдаг. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр эдгээр жимсийг монгол орны хаана ч тарьж, ургуулах боломжтойг ингэж мэдсэн. Манай нөхцөлд үрсэлгээ дээр ихээхэн анхаарах хэрэгтэй. Сайн үрсэлгээ авах, эсвэл алимны мөчрийг өрөлний модонд, чавгыг яст жимсний модонд залгаж, суулгацаа үржүүлэх нь тохиромжтой.
-Өөр жимсний модонд залгадаг гэв үү?
-Энэ бол дэлхий нийтээрээ хэрэглэдэг арга. Өрөл модны үндсийг ашиглаж алимны нахиа залгадаг. Жишээ нь, торниун алимыг үрээр нь ургуулбал арван жил өнгөрсөн ч жимсээ өгөхгүй. Бэсрэг алимны үндэс хүч дорой, амьдрах чадвар муутай. Өрөлийн үндэс маш хүчтэй, бүх жимсний өвөг гэж үздэг учраас бүх төрлийн алимны нахиаг залгадаг. Харин чавга яст жимс учраас гүйлс, мойл, интоорын модонд залгаж болдог.
-Механик аргаар уу…?
-Тэгэлгүй яахав. Маш нарийн ажиллагаатай. Өрөлийн үрийг намар авч, дараа жил нь тарина. Ургаад гараад ирэхээр нь боловсруулсан талбайд шилжүүлж суулгана. Энэ суулгац хоёр жилийн дараа гэхэд 30-50 см өндөр ургаж, энэ үед залгалтаа хийнэ. Ингэхдээ 7-8 сард алимныхаа нахиаг авч өрөлийн хальсанд хөндлөн зүсэлт хийж суулгаад зориулалтын материалаар орооно. Ингээд жилийн дараа нахиа задраад ирэхээр нь өрөлөө тайрч, алимтай хэсгээ авна. Дараа хавар болоход алимны залгаас 1.20-1.30 метр өндөр болно. Энэ үед дахиад зөөвөрлөж, насан туршид байх талбайд нь суулгана. Энэ цагаас хойш 3-4 жилийн дараа жимсээ өгч эхэлнэ. Манайх бүх алимаа ингэж ургуулдаг. Өрөлөө өөрсдөө тарьдаг болохоор үрээ намар түүгээд авчихдаг.
–Эрсдэл гарах уу. Залгаас амжилтгүй болох…?
-10 хувийн эрсдэл байдаг. Манай эндхийн газрын хөрс хайргатай, элсэрхэг, шаварлаг гээд янз бүр ийн бүтэцтэй учраас дөрөв дэх жилдээ жимслэх нь ч бий. Эхний жил 4-10 ширхэг жимс, дараа жилээс ахиад хэд нэмэгдэх гэх мэтээр явсаар гурван жил өнгөрөхөд үр жимсээ өгч эхэлдэг. Судалгаагаар нэг модноос 35-40 кг алим хураах нь дундаж гэж үздэг. Гэтэл манай энд дулаан, нартай өдрийн тоо олон болохоор ч тэрүү хориод настай модноос 60-80 кг алим авчихдаг. Чавга бол нэг модноос 25-30 кг гарчихна.
-Ховдын Булган алим, жимсээрээ алдартай. Цаг агаартаа учир байна уу? Бараг айл бүхэн тариалдаг бололтой?
–Манай нутгийн гол онцлог бол дулаахан газар. Ханбогдын дараа ордог шүү дээ. Алтайн өвөр говьд орших энэ нутагт жимс ургах маш тохиромжтой гэж үзсэн учраас 1959 оноос н.Чимэддорж гэж хүн туршилт хийж, жимс тарьж эхэлсэн түүхтэй. Одоо манай суманд ахиухан тарьдаг таван ААН, 200 гаруй айл өрх хашаандаа тарьж байна. Манайхаас суулгац аваад тарьдаг айлууд олон бий.
-Жилийн дөрвөн улирлын ажил бололтой. Хэдүүлээ ажилладаг вэ?
-Манайх бол өрхийн аж ахуй. Яахав, зээл тусламж, төсөл энэ тэрд хамрагдах гэхээр ААН байх шаардлагатай гардаг учраас хуулийн этгээд болсон. Насаараа хийсэн ажил маань болохоор гарт орчихдог ч юмуу, нэг их хүн хүч гэхгүй болгоод л байна. Хөгшинтэйгээ, доороосоо хоёр дахь хүүтэйгээ гурвуулаа голчлон ажиллана. Нийлээд хүүгийнхээ талбай дээр ажиллана. Манай том хүүгийн эхнэр сумандаа дэлгүүртэй, тэндээ жимсээ бас зарж, борлуулна.
Ажилсаг буурлууд зав чөлөөгөөрөө улаан бургасаар сагс сүлжиж, үүндээ жимсээ хураадаг. Б.Очир гуайн өөрийн туршлага, арга технологиор торниулж ургуулсан суулгац Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Улаанбаатар хот гээд хаа сайгүй үр жимсээ өгч байна. Нас жар хол гарсан ч хөгшинтэйгээ хоёулаа үйл ажиллагаагаа өргөжүүлнэ, илүү олон арга технологийг туршиж, нутагшуулна гэж ярьж байна.
- Брэндийн нэр: “Бүрэнхайрхан жимс”
- Үүсгэн байгуулагч: Б.Очир, Ц.Дүгэрсүрэн
- Үйл ажиллагаа эхэлсэн: 2000 он
- Сошиал хуудас: https://www.facebook.com/shargalan
- Холбогдох утасны дугаар: 9968-0082
Ynztai saihan ymaa nash ih hudulmuriin ur dun ldee
Ямар сайхан хөдөлмөрч хүмүүс вэ. Та 2-оороо бахархаж байна. Цаашдаа олон хүнд зааж сургаж байгаарай гэж хүсье
Ямар сайхан ажилсаг хүмүүс вэ… Монголчууд өөрсдийнхөө тарьж ургуулсан жимсээ идээд хордож үхэхгүй шүү дээ.Заавал Хятадаас хортой жимс ногоо оруулах шаардлагагүй .Ёстой ийм хүмүүсээ дэмжих хэрэгтэй.Амжилт хүсье.