ВАТИКАН. /DW/. Ромын Пап Францис Украинаас үр тариа экспортлох боломжийг бүрдүүлж байсан Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээнээс гарах шийдвэрээ буцаахыг ОХУ-д ням гарагт уриалав.
Тэрбээр Ватикан хот дахь Гэгээн Петрийн талбайд цугласан олонд хандан хэлсэн үгэндээ, “Дайн бүхнийг, түүгээр барахгүй үр тариаг хүртэл сүйтгэж буйг дурдаад, Украины төлөө үргэлжлүүлэн залбирахыг уриалжээ.
“Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг сэргээж, үр тариаг аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхийг ахан дүүстээ, ОХУ-ын эрх баригчдад хандан уриалж байна” гэж Ромын Пап хэлсэн байна.
ОХУ уг гэрээнээс долоодугаар сарын 17-нд гарснаас хойш дэлхийн улаан буудайн үнэ огцом өсөж, улмаар Украины үр тарианаас ихээхэн хамааралтай ядуу буурай олон оронд нөлөөлөх болжээ.