Сэтгүүлч, шим тэжээл судлаач Л.Энхзулын “Сахаргүй амттан” ном өнөөдрөөс уншигчдын гарт хүрч эхэллээ.
Үүнд боловсруулсан цагаан элсэн чихэр хийхгүйгээр эрүүл аргаар гэртээ амттан бэлтгэж болох 50 жор багтсан байна.
Номын нээлтийн үеэр зохиогч Л.Энхзул “Номд багтсан амттан бүгд ургамлын шимийг агуулсан жортой. Ургамлын шим гэдэг нь бидний нэрлэж заншсанаар антиоксидант. Ажлын ачаалал, орчны бохирдол гээд биед хортой олон зүйлийн нөлөөллийг багасгагч нь ургамлын шим юм.
Хүн анх төрөхдөө ангир уураг амлаж, эхийн сүүгээр тэжээгддэг. Эхийн сүүнд чихэр бий. Энэ нь бидний оюун санаанд гүн суусан байдаг. Тиймээс ядарсан, стресстсэн эсвэл баярлаж хөөрөх үедээ хүн үргэлж амттан руу тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл байгалиасаа чихэрлэг зүйлсэд татагддаг. Тиймээс амттанг эрүүл, өөрт таатайгаар хэрхэн хүртэх тухай энэ номд өгүүлнэ.
Мөн судалгааны олон мэдээллийг багтаалаа. Зөвхөн жор хараад дагаж хийх биш, энэ нь дэлгүүр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнээс юугаараа давуу талтайг судалгааны үндсэн дээр тайлбарласан” хэмээн хэлж байв.
Түүнийг номоо танилцуулсны дараа цөөн хором ярилцлаа.
Хоол хүнсээ зөв зохицуулж хэрэглэснээр эм тан мэт бидний биед үйлчилдэг
– Та “Сахар” номоороо дамжуулан боловсруулсан сахарыг хэрэглээнээс хасах ёстой шалтгааныг тайлбарласан. Харин уншигчид сахар ороогүй амттай чихэрлэг зүйлс юу, юу байж болох вэ гэх асуулттай үлдсэн болов уу. Шинээр гарч буй энэ ном тэдний асуултын хариулт болж байна уу?
– Сахараа багасгая гэсэн ч чихэрлэг юм идмээр байна, хорхойсол төрөөд байна яах вэ гэсэн асуулт надад маш их ирсэн. Тэдгээр асуултын хариу нь энэ ном. “Сахаргүй амттан” номыг жил гаруйн хугацаанд бичлээ. Жороо хүмүүст ойлгомжтой байдлаар бэлтгэх, жоруудын өмнөх бяцхан түүхүүд оруулах гэх зэрэгт цаг хугацаа шаардагдсан.
– Номын хавтсанд Сахаргүй Амт-тан гэж тасалж бичсэн нь тан болохуйц хүнс гэх санааг илэрхийлжээ гэж ойлгогдсон?
– Тийм. Хоол хүнсээ зөв зохицуулж хэрэглэснээр эм тан мэт бидний биед үйлчилдэг. Тиймээс чихэрлэг амтыг тан мэт эрүүл хэлбэрээр аваарай гэсэн утгаар номоо бичсэн.
– Ихэнх шим тэжээл судлаач нар хэрхэн тэнцвэртэй хооллох талаар тайлбарлаж, зөвлөн сургадаг. Таны хувьд яагаад сахарыг чухалчилж, судалж байна вэ?
– Хүнсэнд ямар нэг орцыг арай илүү хэрэглэснээр нэг бол хүний биед тусалдаг, эсвэл сөргөөр нөлөөлдөг.
Сахарыг сонгох болсон шалтгаан бол дэлхий дээрх хамгийн түгээмэл байдаг орцын нэг. Маш хямд, гоё амт оруулдаг. Хүн бүр чихэрлэг амтад дуртай болохоор үүнд их татагдаад байгаа юм.
Гэхдээ “Сахар” номдоо бичсэнээр нэмэлт чихэр, байгалийн гаралтай чихэр гэж бий. Энэ хоёр нь асар их ялгаатай. Нэмэлт чихэр буюу боловсруулсан цагаан сахарыг хоол хүнснээсээ илүү их аваад байх нь бидний биед ашигтай биш. Тиймээс сахарыг сонгож, ном бичсэн. Энэ ном бол “Сахар”-ын үргэлжлэл. Дараа өөр сэдвээр бичих сонирхол бий.
– Чихэрлэг амт нь хүний сэтгэл санаа, эрч хүчинд ихээхэн нөлөөлдөг. Тиймээс оройн цагаар идэхгүй байхыг зөвлөдөг шүү дээ. Тэгвэл өдрийн аль хугацаанд чихэрлэг амттан идэх нь тохиромжтой вэ?
– Хүний бие өглөө, өдөр сахарыг боловсруулахдаа илүү сайн байдаг. Хамгийн их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байгаа үе буюу өдрийн хоолны дараа амттан идэх нь зохистой. Оройн цагт хүний бие унтаж амрах төлөвт шилжиж, кортизол даавар багасах учиртай. Харин чихэрлэг юм идвэл кортизол буюу стрессийн дааврыг ихэсдэг. Ийм учраас оройн цагаар амттан идэх нь буруу.
– Хүмүүсийн хоол хүнсэндээ гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
– Хоол хооронд, эсвэл хоолоо идэхээсээ өмнө чихэртэй, кафейнтай ундаа уух. Учир нь хоосон ходоод л тухайн хүнсийг хамгийн сайн шингээж авдаг. Иймд өглөө сэрэнгүүтээ тэжээллэг, амин дэмтэй хоолоо идвэл шим тэжээлээ сайтар авна. Тэгэхгүйгээр сахартай ундаа уучхаар цусан дахь ихэсдэг. Цусан дахь сахар ихсээд гэнэт буувал хүний биед муу шүү дээ.
– Сахар агуулаагүй, 100 хувийн шүүс гэж их гардаг болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
– Шингэн хэлбэрээр байгаа буюу ундаа, шүүс нь цусан дахь сахарыг асар өндөр өсгөдөг. Шүүс хэрэглэснээс бүхэл жимсээ хэрэглэх нь сайн. Жимсэнд чихэрлэг амт, эслэг, амин дэм бий.
– Сүүлийн үед кофены хэрэглээ маш их боллоо. Зөв зохистой хэрэглээний талаар та зөвлөнө үү?
– Кофе бол давуу талтай. Кафейн буюу сэргээгч агуулдаг бөгөөд үүний ачаар сэргэлэн байдаг. Хэтрүүлэн өдөрт 3-4 аяга кофе уувал биед байгаа эрдэс бодисыг биеэс гадагшлуулдаг. Мөн нойронд нөлөөлнө. Кофег орой уусан ч унтчихдаг гэдэг хүмүүс бий. Гэхдээ гүн нойр их чухал. Кофе уух дуртай хүмүүс үдээс өмнө уувал сайн. Хүний бие кофенд агуулагдаж буй кафейныг 8-12 цагийн турш задалдаг. Мөн чихэргүй хэрэглэвэл илүү сайн.
ikon.mn Б.Бадамгарав