Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн зохиогдож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе!”гэсэн илтгэл хэлэлцүүлж байсан 2022 оны хаврын тэр нэгэн явдлыг эргэж сануулах нь зөв гэж үзлээ. Төрийн тэргүүн маань гэв гэнэт тийм санаачилга дэвшүүлье гээд дэвшүүлчихсэн юм биш. Тэгэхээс аргагүй явдал тохиосон учраас яаралтай тэгж хөдөлсөн юм. Оройтоогүй дээр нь гэж хөдөлсөн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн лут уриа тунхаг, дүгнэлт, боломж, гарц тамгалагдсан байдаг юм. Мал төрийн хамгаалалтад байна гэдэг нь мал сүргээсээ гадна юуны өмнө монгол хүнээ, эрүүл мэндээ, эрүүл хүнсээ, эрүүл хөрсөө, дагшин газар шороогоо зэрэг зэрэг хамгаалж буй Төрийн хар хайрцгийн бодлого. Хүнсний хувьсгал ба хүнсний аюулгүй байдлыг Төр хэрэгжүүлэхээ Үндсэн хуулийн энэхүү заалтаар баталгаажуулсан гэж үзэхээр юм. Гэтэл ямар байсан, байгаа билээ гэдэгт миний цухалдсан бичвэрийг бухимдахгүй, буруутныг хайлгүй, ухаалгаар, дүгнэлт хийн бясалгана уу?!
ХОЖИМДСОН ГЭМШИЛ гэчихсэнээ тайлбарлая. “Сүх далайтал үхэр амар” гэдэг үлгэрээр манайхан ажиллаж амьдардаг. Хэнэггүй нь дэндчихсэн, хэнэггүй нь залхуурлаас нь үүдэлтэй. 2022 оны хаврын хамгийн том хэрэг бол “Эмээлтийн махны хэрэг”. Эмээлтийн огиудас хүргэсэн махны зураг дахин хармааргүй байна. Орсон борооны хойноос цув нөмөрдөг, гэмшил нь хойноо монгол араншиндаа цэг тавья!
Хэрэв дэгдээгүй сэн бол энэ чигээрээ яваад л байх байсан, идэж уугаад л, тэр мэдээж. “Ковид”, геополитикийн эсрэгцэл тохиогоогүй бол энэ эрчээрээ бэлэнчилсэн, лазагнасан, хэтэртлээ хэрэглэсэн, найр наадамд нугасгүй МОНГОЛ л яваад байх байсныг зогсооё, сэтгэдэг болгоё, хөдөлгөдөг болгоё, өөртөө эзэн байх жинхэнэ эрх, эрх чөлөөг нь өгье гэсэндээ Монголын Төр “Хүнсний хувьсгал” сэдчихээд уриалаад байна!
МОНГОЛ-ыг сэтгэдэг, түгшдэг, яаруулдаг, хөдөлгөдөг гаднын ба байгалийн хүчин зүйлс яалт ч үгүй гараад иржээ. Одоо яая гэхэв. Монголчууд буруугүй гэж бодож сэтгэж байгаа бол оройтлоо! Тийм элдэв гай дайрахаас өмнө монголчууд бид юугаа хийж явсан улс вэ гэдэгт л асуулт тавьж хариулт авах санаатай энд би бичээд байгаа хэрэг шүү. Ноцтой асуултуудаа одоо ярайлгая. Та бүхнээс хариулт хайя. Сэтгээрэй!
- Байнга 80 саяын наана цаана байдаг их малтай, нүүдэлчин их өвтэй, малд нүдтэй монголчууд бид мах шөлнийхөө боловсруулалт, менежмент, борлуулалтыг яагаад хятадуудын гарт өгчихсөн юм бэ? Эмээлтээр жишээлж байна.
- Хятадууд Монголд дайрч орж ирээд Эмээлтийн махны захад дураараа эзэн суучихаагүй. Тэгсэн гэсэн баримт байвал дэлгэнэ үү?
- Миний ойлгосноор Эмээлтийн махны, мал аж ахуйн зах зээл, жижиг үйлдвэрийг анхлан хятадын компани, хятад иргэд шууд худалдаж аваагүй, түрээслэж аваагүй хэн нэгэн МОНГОЛ хүн, МОНГОЛ компани авсан байх тул буруутнаар 1-рт хятадууд биш, МОНГОЛ-чууд тодрох ёстой бус уу? 2-рт хятадуудыг тэнд дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлсэн, хүнсий аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдэж байхад нь хамсан оролцсон, хэнэггүй хандсан МОНГОЛ-чуудыг олж тогтоосон уу?
- Ганц Эмээлт гэлтгүй, хятад эзэнтэй, хятадууд эзэн суусан хүнсний үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, барилга орон сууц, өөр ямар ч салбарт байдаг юм бүгдийг нь олж тогтоон хятадуудад зам засаж өгсөн, авлига хахуулийг нь авдаг МОНГОЛ дарга, МОНГОЛ эзэн, МОНГОЛ байцаагчдыг нэрсээр нь гаргаж эрүүгийн хариуцлагад татуулъя.
- МОНГОЛ-чуудын залхуурсан, бэлэнчилсэн салбар бүрт МОНГОЛ-чуудын хэрэгцээ, шуналд тохируулсан гадаадын компани, бизнесчид орж ирж, эзэн сууж байгаа нь худлаа бус уу?
- Эмээлтийн махны явдалтай холбогдуулан МОНГОЛ-чуудын дунд Хятадыг үзэн ядах хийрхэл ихээхэн дэвэрсэн. МОНГОЛ-чуудын бухимдлыг ойлгож байна. Энэ эрчээрээ Эрээнээс хараат бус болох, хүнс, нарийн ногоо, амтлагч, өөр юу ч байдаг юм өөрсдөө 100% эх орондоо ургуулах үйлдвэрлэх зүрх зориг МОНГОЛ-чуудад бий юү? Бий байгаасай гэсэндээ би бичиж байна. “Хүнсний хувьсгал” маань 5 жилийн шахуу төлөвлөгөөтэй. Түүнд бүгд нэгдэж нийлээд нэгэн зүгт зориглон хөдөлбөл харин Эрээн, Хиагт, улмаар Өвөр Монгол, Буриад, Эрхүүд хүнсээр дарчихаар их арвин боломж байгаа бус уу? Нуль экспорт.
- Та бидний залхуурал чинь “Эмээлтийнх” шиг эмгэнэлд хүргэсэн, хүргээд байна! Одоо цэг тавья!
- Эмээлтийн махны мэтийн элдэв явдал тохиолдоод, бас МОНГОЛ-чуудын хийрхлээс улбаатайгаар Хятад хилээ хааж, боомтуудаа нээхгүй, маш бага хэмжээгээр нүүрс оруулбал МОНГОЛ-чууд бид, тэр дундаа хувийн худалдаанаас өөр ажил эрхэлдэггүй хэдэн түмэн ганзага, мухлаг, лангууны худалдагч МОНГОЛ-чууд Та нар бэлэн байна уу? Та нарт нөөц байна. Худалдаагаа зарим талаар үйлдвэрлэл болго, хүнсний үйлдвэрлэл, хүнсний экспорт эрхлээч гэж уриалмаар байна.
- Хятад ч бай, магадгүй Орос ч бай, гэв гэнэт хилээ нээхгүй болчихвол эх оронч сэтгэлээр монголчууд гүрийж, өөрсдөө хийж бүтээж, ургуулж, тариалж, дэлхийн зах зээлд гарч чадахыг одооноос эхлэн дор бүрнээ бэлтгэмээр байна.
Дахин асууя. Өдий олон жил зах зээлээр замнахдаа идэж хэрэглэх махныхаа боловсруулалт, борлуулалтыг гартаа оруулж хянаж байхгүй яачихсан гэнэн МОНГОЛ-чууд вэ, бид чинь?! Аймаг, томхон сум бүрт мах боловсруулах үйлдвэр байгуулчих зориг зүрх алга уу?! Одоо байгуулахгүй бол оройтлоо! Төр чинь уриалж ханалаа. Та бүхний хийж бүтээх бүх боломж, цаг зав чинь байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр 2022 оноор эхэлж, 2023 оноор түүчээлж, 2024 оноос язганах болтугай!
НИЙТЭЛСЭН: Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч Д.БАЯРХҮҮ