МҮХАҮТ-аас Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран өнөөдөр “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яамнаас Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг танилцуулж, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэл өглөө. Улмаар дээрх хэлэлцээрийг байгуулахад харилцан ашигтай байх үүднээс Монголын бизнес эрхлэгчдийн саналыг сонсох, шаардлагатай бол барааны жагсаалтыг эргэн харах, өөрчлөлт оруулах санал гаргах зэрэг асуудал хөндөгдсөн юм. Хэлэлцүүлийн үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл үндэсний үйлдвэрлэгчдийн байр суурийг илэрхийлж, тодорхой хэд хэдэн шаардлагыг хүргүүллээ.
“Хүнсний хувьсгал” ТББ, Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо ТББ, Монголын Мал Зүйч Үржүүлэгчдийн Үндэсний Холбоо, Монголын Тариаланчдын Үндэсний Холбооноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн Газар, ЭЗХЯ, ХААХҮЯ, УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол Улс хоорондын чөлөөт худалдааны түр/завсрын гэрээг хойшлуулах, зогсоох тухай тусгажээ. Мөн Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан жагсаалтаас хасахыг санууллаа.
Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан зэрэг таван улс багтдаг.
Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулснаар дээрх таван улстай хийх тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа харилцан импортын татваргүй болох юм. Ингэснээр Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбар дампуурах эрсдэл үүснэ гэж үйлдвэрлэгчид үзэж байна.
Тэгвэл Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны таван улсад ямар бүтээгдэхүүн экспортлох боломжтой вэ?
Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү: Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны тэрбум орчим ам.долларын зах зээл рүү мах махан бүтээгдэхүүний 29 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, мөн ойролцоогоор 7 тэрбум орчим ам.долларын зах зээл рүү 60 нэр төрлийн арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын зах зээл рүү 204 нэр төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох боломжтой. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдэд туссан 633 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-50 хувийн татваргүй гаргах боломжийг бүрдүүлж байна. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн экспорт хийх зардлыг 15-50 хувь бууруулах боломж гэж харж болно.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр: Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны гэрээ Монголын хүнс, хөдөө ахуйн салбарыг дампууруулах эрсдэлтэй. Монгол Улс дээрх хэлэлцээрийг байгуулснаар сүүний салбар, махны салбар, газар тариалан, шувууны аж ахуй эрхлэгчид гээд сэргэж байсан салбар уналтад орж, дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болно. Бид бүрэн утгаараа гаднын импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирна гэсэн үг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид саналаа нэгтгэн шаардлага хүргүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн ажлын хэсэгт орж ажиллах саналтай байна. Орос улс манайхаас мах импортолж байсан удаагүй. Харин ч манайд мах нийлүүлэх сонирхол өндөр байгаа.
Харин Евразийн эдийн засгийн холбооны таван улсаас Монгол Улс ямар бүтээгдэхүүн импортлох вэ?
Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү: Евразийн эдийн засгийн холбооны улсаас Монгол Улс 375 нэр бүтээгдэхүүн 8 оронтой үндэсний кодоороо задрахаар 511 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортлох боломжтой. Үүнээс хүнсний төрлийн 89 бараа бүтээгдэхүүн багтана. Эдгээр 89 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс одоо ч их бага хэмжээгээр импортоор авч байна. Тухайлбал. ОХУ-аас нефт импортын татваргүй авах барааны жагсаалтад багтсан байгаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Евразийн Эдийн засгийн холбоонд элсэх цаг хугацаа манай улсын хувьд болоогүй, шаардлагагүй. МҮХАҮТ ч гэсэн эсрэг байр суурьтай байгаа. Гол гарц нь юу вэ гэвэл бид энэ холбоонд элсэхгүйгээр холбооны бус гишүүн улсуудтай байгуулдаг чөлөөт худалдааны яриа хэлэлцээр эхлүүлэх нь богино хугацаандаа үр ашиггүй байж магадгүй ч дунд, урт хугацаандаа тодорхой хэмжээгээр ашигтай байж мэднэ. Тиймээс МҮХАҮТ-ийн хувьд нухацтай, шат дараатай, Монгол Улсынхаа үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хангасан хэлэлцээр байгуулаасай гэсэн байр суурьтай байна.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр үргэлжилж байгаа учраас хойшлуулах боломжгүй гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү онцоллоо.
Дээрх хэлэлцээрийг Монгол Улсын Их хурлаас соёрхон батлах ёстой. Хэлэлцээрийн багийн эцэслэсэн төслийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ руу явуулах эсэхийг Засгийн газар шийднэ гэж байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлсэн аж ахуй нэгжүүд саналаа МҮХАҮТ дээр нэгтгэн Эдийн засаг, хөгжлийн яамд хүргүүлэх, цаашид ажлын хэсэг, хэлцэлд оролцох боломжтой аж.
BWER is Iraq’s premier provider of industrial weighbridges, offering robust solutions to enhance efficiency, reduce downtime, and meet the evolving demands of modern industries.