
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ногоочдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор АДРА олон улсын байгууллагын “Органик ХАА-н түншлэл II” төслийн хүрээнд “Хүлэмжид органик аргаар тариалах” аргад суралцах мэдлэг олголоо.
Сургалтыг ХАА-н ухааны доктор, Монгол Улсын гавьяат агрономич, сургагч багш П.Цолмон удирдан явуулж, хүлэмжийн нөхцөлд органик аргаар хүнсний ногоо тариалах арга технологи, үйлдвэрлэлийн онцлог, өөрийн мэдлэг, туршлагаасаа оролцогчдод хуваалцсан байна.
Хүлэмжийн аж ахуй нь цаг агаарын нөхцөлөөс хамаарах эрсдэлийг бууруулж, хүнсний ногооны ургалтын хугацааг уртасган, улирлын чанартай нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Харин органик аргаар тариалахад хөрсний үржил шимийг хадгалах, ургамлын өвчин, хортонтой байгальд ээлтэй аргаар тэмцэх, ус, шим тэжээлийн зохистой хэрэглээг хангах зэрэг технологийн мэдлэг, дадал чухал юм.
Сэлэнгэ аймаг нь газар тариалангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч бүс нутгийн нэг бөгөөд органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр АДРА олон улсын байгууллагатай 2018 оноос хамтран ажиллаж ирсэн. “Органик ХАА-н түншлэл II” төслийн хүрээнд аймгийн 11 сумын органик хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих, хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн боломжийг өргөжүүлэхэд анхаарч байна.
Тухайлбал, төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн 15 хоршоонд 114 сая төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн бага оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүлэмжийн дэмжлэг үзүүлж байсан нь органик үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг юм.
Энэхүү ахисан шатны сургалт нь органик тариалан эрхлэгчид эзэмшсэн мэдлэгээ үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх, хүлэмжийн ашиглалтыг сайжруулах, бүтээгдэхүүний чанар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Ингэснээр Сэлэнгэ аймгийн органик хүнсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай хүнс нийлүүлэх, тариаланчдын өрхийн орлого, амьжиргааг дэмжихэд хувь нэмэр оруулж байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
