
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нарын мэргэжлийн ур чадварыг сорих, үндэсний болон уламжлалт хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалт, аймгийн аварга тогооч шалгаруулах уралдаан Баруун-Урт суманд болж байна.
Тус уралдаан, сургалтад аймгийн 13 сумын 100 гаруй тогооч оролцож байгаагаас 60 нь аварга тогоочийн төлөө найман төрлөөр өрсөлдөж байна.
Ресторан, баар, кафе, цайны газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал, уул уурхайн компани, цэргийн анги, аялал жуулчлалын болон зочид буудлын үйлчилгээ, үйлдвэр, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын тогооч, хүнс үйлдвэрлэгчид оролцож байгаагаараа онцлог юм.
Уралдаан, сургалт нь орон нутгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний болон уламжлалт хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын чанар, хүртээмжийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэлд орон нутгийн нөөц боломжийг илүү үр дүнтэй ашиглахад ач холбогдолтой юм.






Эх сурвалж: Монцамэ агентлаг
