
Дундговь аймгийн мал аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 65 хувьтай байна. Энэ онд аймгийн хэмжээнд 6.3 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд Засгийн газрын 286 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 11 дүгээр албан даалгавар болон аймгийн нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа юм .
Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын наймдугаар сарын 20-ны мэдээгээр аймгийн нийт нутгийн 55 хувьд зуншлага гандуу, таван хувьд хэвийн, 40 орчим хувьд гантай байжээ.
Бэлчээрийн даацын тооцоогоор нийт нутгийн 9.2 хувьд бэлчээрийн нөөцтэй, 22 хувьд хүрэлцээтэй байгаа бол 34.4 хувьд даац 1-3 дахин, найман хувьд 3-5 дахин, 26.5 хувьд олон дахин хэтэрсэн байна. Ийнхүү нийт нутгийн 69 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрчээ.
Аравдугаар сарын 15-ны байдлаар аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 770.1 тонн өвс, 143.6 тонн тэжээл бэлтгэсэн нь төлөвлөгөөний 63.4 хувьтай тэнцэж байна.
Одоогоор Дундговь аймгийн 35 өрхийн 18,205 толгой мал бусад аймагт, 55 өрхийн 31,235 толгой мал аймгийнхаа бусад суманд оторлож байна. Харин Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгаас найман өрхийн 7,653 толгой мал Дундговь аймагт оторлож байгаа аж.
Аймгийн хэмжээнд бэлчээрийн гарц тааруу байгаа нь отор нүүдэл хийх боломжийг хязгаарлаж байна. Иймд өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, мал сүргийг бэлчээрийн даацад нийцүүлэн байршуулах, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
