
Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих фарм” ХХК энэ жил дуслын усалгааны технологиор 500 га талбайд эрдэнэ шиш тариалж, ургац хураалтаа үргэлжлүүлж байна.
Тус компани эрдэнэ шишийг малын тэжээлийн зориулалтаар тариалсан бөгөөд энэ жил 2000 орчим тонн дарш, 2000 орчим тонн хуурай тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.
Эрдэнэ шишийн даршийг нэг килограммыг нь 550 төгрөгөөр борлуулж эхэлсэн байна. Ингэснээр малчид малын тэжээлийг харьцангуй хямд үнээр худалдан авч, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хангах боломжтой болжээ.
Малчид, аж ахуйн нэгжүүд тус компанийн тариалалтын талбайгаас эрдэнэ шишийн дарш, тэжээл худалдан авах боломжтой. Тариалалтын талбай нь Ховд аймгийн төвөөс 31 км зайд, Буянт сум явах чиглэлийн авто зам дагуу, Ховд сумын нутаг дэвсгэрт байрладаг.
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр тэргүүтэй албаны төлөөлөл энэ сарын 27-нд “Арвижих фарм” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн талаар мэдээлэл солилцлоо.
Эрдэнэ шишийг орон нутагт тариалж, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь малчдын тэжээлийн хангамжийг сайжруулах, тэжээлийн зардлыг бууруулахад ач холбогдолтой юм.




Эх сурвалж: Монцамэ агентлаг
