“ТАТВАРЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Татварын цогц шинэчлэл, Нийтийн буюу Төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлуудыг тодорхойлох “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-ын байранд эхэллээ.
Арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Үндэсний үйлдвэрлэгч, танхимын гишүүн байгууллагуудтай хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар татварын реформ хийх санаачлага татвар төлөгчид буюу үндэсний үйлдвэрлэгчид, ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг онцлов.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Т.Энхтүвшин болон УИХ-ын гишүүд, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна.
Дотоодын бизнес эрхлэгчдэд ээлтэй татварын суурь орчныг бүрдүүлэх үүднээс Татварын шинэчлэлийн асуудлаар санал солилцож, тулгарч буй асуудлуудыг нэгдсэн байдлаар тодорхойлох юм.