“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон Хүнсний хувьсгал ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргалтай уулзаж мал аж ахуй, газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, газар тариалангийн салбарт шаардлагатай байгаа хууль эрх зүйн орчин, сүүний салбарын тулгамдаж буй асуудал, мал аж ахуйн салбарын эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олголт зэрэг асуудлаар санал хэллээ. УИХ-ын Байнгын хорооны дарга Ж.Батжаргал дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангахын тулд тоо бус чанарыг баримтлан, нэгжээс авах үр ашгийг нэмэгдүүлэх нь оновчтой гэсэн зарчмыг үндэсний үйлдвэрлэгчид төдийгүй салбар яам баримтлан ажиллах шаардлагатай гэв. Мөн уулзалтаар яригдсан саналуудыг нэгтгэн өгөхийг хүсэв.